2018 ОНЫ ЭХНИЙ 5 САРЫН БАЙДЛААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ШАЛГАН ШИЙДВЭРЛЭСЭН ЗӨРЧЛИЙН 9.1 ХУВИЙГ СЭЛЭНГЭ АЙМАГТ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭЖЭЭ

A- A A+
2018 ОНЫ ЭХНИЙ  5 САРЫН БАЙДЛААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ШАЛГАН ШИЙДВЭРЛЭСЭН ЗӨРЧЛИЙН 9.1 ХУВИЙГ  СЭЛЭНГЭ АЙМАГТ  ШАЛГАН ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2018 оны эхний 5 сарын байдлаар аймгийн хэмжээнд үйлдэгдэн гарсан зөрчил, зонхилон үйлдэгдэж буй зөрчлийн шалтгаан нөхцлийг судалж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлд танилцуулга хүргүүлжээ.2017 оны сүүлийн хагас жилд улсын хэмжээнд нийт 105761 зөрчил шалган шийдвэрлэсний  10.9 хувь буюу 11597, 2018 оны эхний  5 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 106680 зөрчил шалган шийдвэрлэсний 9.1 хувь буюу 9713 зөрчлийг Сэлэнгэ аймагт  шалган шийдвэрлэсэн байна.  

2018 оны эхний 5 сарын байдлаар тус аймагт “Танхайрах”, Хүний биед халдах”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил  тус тус өссөн байна. Мөн аймгийн хэмжээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил бусад зөрчлөөс хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ.

Энэ төрлийн зөрчил  2017 оны сүүлийн хагас жилийн байдлаар Сүхбаатар суманд 2980, Мандалд 1427, Баянгол суманд 2179 үйлдэгдэж байсан бол  2018 оны эхний 5 сард  Мандалд 1675, Баянголд 3109 болж  өссөн  байна. Харин Сүхбаатар суманд 1801 болж буурчээ.

Статистикийн тоо мэдээгээр Сэлэнгэ аймаг 106292 хүн амтайгаас 2017 оны сүүлийн хагаст  хүн амын 4,49 хувь буюу 4775 хүн зөрчилд холбогдож байсан бол энэ оны эхний 5 сарын байдлаар  5944 хүн  зөрчилд холбогдож 1.2 хувиар өссөн байна. Зөрчлийн улмаас гэмтсэн хүний тоо, иргэнд учирсан хохирол, нөхөн төлөгдсөн хохирлын хэмжээ нэмэгдсэн байна. Тухайлбал өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн байдлаар 61872900 төгрөгийн хохирол учирснаас 29755400 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөж байсан бол оны эхний  5 сарын байдлаар нийт 70723900 төгрөгийн хохирол учирснаас 41206400 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

 Зөрчлийн улмаас хүүхэд хохирсон талаар судалж үзэхэд энэ оны эхний 5 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас Сүхбаатар суманд 4, Алтанбулагт 1, Бугант тосгонд 1, Сайханд 2, Мандалд 6 хүүхэд хохирсон байх ба эдгээрээс бүгд сэтгэл зүйн болон хууль зүйн  зөвлөгөө авч,  2 нь нийгмийн халамж үйлчилгээ, 9 нь хүүхэд хамгааллын үйлчилгээ, 6 нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдсан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн  шалтгаан нөхцлийг судалж үзэхэд тээврийн хэрэгслээр зорчигч болон  жолооч хамгаалах бүс хэрэглэдэггүй, зөрчил үйлдсэн иргэдэд чиглэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн талаар сургалт, сурталчилгаа дутмаг, иргэдийн боловсрол мэдлэг хангалтгүй, хууль тогтоомж сахин биелүүлдэггүй,  замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог зэрэг олон зүйлээс шалтгаалсан байна.

Мөн иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, хот хоорондын замд болон хөдөө хээр хурд хэтрүүлэх болон гүйцэж түрүүлэхдээ дүрмийн заалт зөрчдөг зэрэг шалтгаанаас осол гарч бусдын амь нас, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулж байна.

Нийт зөрчлийн дийлэнх нь согтуугаар үйлдэгдсэн байх тул  зөвхөн архитай тэмцэх бус архины зохистой хэрэглээний талаар иргэдэд сургалт сурталчилгаа тогтмол зохион байгуулах зэрэг үр дүнтэй ажил зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэсэн байна. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас мэдээлэв.