Баянзүрх дүүргийн прокурорын газраас санаачлан тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэн гарч байгаа зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар ойлголт өгөх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоох, энэ чиглэлээр цаашид авах арга хэмжээг тодорхойлох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ-ТАНЫ ҮҮРЭГ” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулан явууллаа. Хэлэлцүүлэгт тус дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид болон 28 хороодын засаг дарга нар, Дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, прокурор, цагдаагийн хэлтсүүдийн дарга нар болон дүүргийн мэргэжлийн хяналт, татварын хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын удирдлага, төлөөлөлүүд хамрагдсан байна.
Дүүргийн ерөнхий прокурор Ц.Батболд 2018 оны эхний 5 сарын байдлаар дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2018 оны эхний 5 сарын байдлаар 11232 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьж 2771 хэргийг шийдвэрлэсэн байна. Хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг авч үзвэл 1228 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 1516 хэргийг хааж, 27 хэргийг харъяаллын дагуу шилжүүлсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажлын чиглэлээр 61580 материал хянаж, 2599 хэрэгт хэрэг бүртгэлт явуулсан байна. Шийдвэрлтийг нь авч үзвэл 602 хэргийг хэрэгсэхгүй болгож, 896 хэргийг шүүхэд шилжүүлж, 171 хэргийг эрүүгийн хэрэг бүртгэлтэнд шилжүүлжээ.
Дээрэмдэх гэмт хэргийн талаарх ойлголт, гаралт, түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаар тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Г.Батбаяр мэдээлэл хийлээ.
Тус дүүргийн прокурорын газрын хяналтанд 2018 оны 05 сарын байдлаар нийт 448 дээрмийн гэмт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэн шалгагдаж байна. Дээрх гэмт хэргүүд үйлдэгдсэн нутаг дэвсгэр, цаг хугацаагаар нь авч үзвэл. Баянзүрх дүүргийн гурав дугаар хороонд 37, долоо дугаар хороонд 31, зургаа дугаар хороонд 28 тохиолдол бүртгэгдсэн нь бусад хороодоос хамгийн их дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд 06:00-12:00 цагийн хооронд 24 хэрэг, 12:00-18:00 цагийн хооронд 39 хэрэг, 18:00-00:00 цагийн хооронд 97 хэрэг, 00:00-06:00 цагийн хооронд 151 хэрэг үйлдэгдсэн нь тухайн төрлийн гэмт хэрэг ихэвчлэн шөнийн цагаар их үйлдэгдэж байгааг харуулж байна. “Дээрэмдэх” гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг мөнгөн дүнгээр тооцвол бусдад нийт 166.179.230 төгрөгийг хохирол, бусдын эрүү мэндэд хөнгөн хохирол 95, хүндэвтэр хохирол 12, хүнд хохирол 23 учирсан байна.
Дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй, согтуурсан үедээ бусдад эд зүйлээ дээрэмдүүлэн хохирогч болох тохиолдол их байна. Мөн гэр хорооллын харанхуй гудамжинд, хөл хөдөлгөөн багатай газарт ихэвчлэн үйлдэгдэж байгаа бөгөөд тухайн орчинд хяналтын камергүй, гэрэлтүүлэггүй байгаа нь бас нэг шалтгаан болж байна.Өсвөр бага насны хүүхдүүд, хичээл сургуульдаа явахдаа үнэтэй эд зүйлс биедээ авч явдаг, хэрэглэдэг нь сургуулийн ойр орчинд дээрмийн гэмт хэрэг гарах бас нэг нөхцөл боломжийг бүрдүүлж байна.
Автомашинаас эд зүйл хулгайлах гэмт хэргийн талаарх ойлголт, гаралт, түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаар хяналтын прокурор М.Эрдэнэзаяа мэдээлэл хийв.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар авто тээврийн хэрэгсэл, авто тээврийн хэрэгслийн эд анги, авто тээврийн хэрэгслийн цонхыг хагалан дотроос нь эд зүйл хулгайд алдагдсан эзэн холбогдогч нь илрээгүй 173 гэмт хэрэг нь эзэнгүй 3014 хэргийн 4.9 хувийг эзлэж байна.
Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхэд иргэд автомашинаа шөнийн цагаар камергүй, харуул хамгаалалтгүй газарт байрлуулж орхидог, хуучин эд анги зарж борлуулдаг Да хүрээ, өгөөмөр зах тус дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг зэрэг шалтгаанаар дээрх гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.
Аж ахуйн нэгж байгууллагаас эд зүйл хулгайлах гэмт хэргийн талаарх ойлголт, гаралт, түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган мэдээлэл хийсэн.
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүдэд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж буй эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 3014 гэмт хэрэг байгаагаас 251 хэрэг буюу 8,3 хувь аж ахуйн нэгж, байгууллагаас эд зүйлс хулгайлах гэмт хэрэг байна. Судалгааны дүнгээс үзвэл үйлдсэн этгээд нь тогтоогдоогүй хулгайн хэргүүд 14 дүгээр хороонд 46, 13 дугаар хороонд 25, 11 дүгээр хороонд 16, 26 дугаар хороонд 13, 16 дугаар хороонд 10, 7 дугаар хороонд 10 гарсан нь бусад хороодоос хамгийн их байна. Дээрх 251 гэмт хэргийн улмаас нийт 362,401,336 төгрөгийн хохирол аж ахуйн нэгж, байгууллагад учирсан байна. Дээрх аж ахуйн нэгж, байгууллагаас эд зүйлс алдагдсан хулгайлах гэмт хэрэгт өртсөн, хулгайн гэмт хэрэг гарсан аж ахуйн нэгж, байгууллагууд нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тодорхой арга хэмжээ авдаггүй, аж ахуйн нэгж, байгууллагуудын харуул хамгаалалтын ажилтнууд нь үүрэгт ажлаа зохих төвшинд гүйцэтгэдэггүй, объектын цонх, хаалганы хамгаалалтын төмөр хаалт байдаггүй, хамгаалалтын дохиолол байдаггүй, гэрэлтүүлэг хангалтгүй зэргээс хулгайлах гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болсон байна.
Залилах гэмт хэргийн талаарх ойлголт, гаралт, түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаар хяналтын прокурор Ч.Алтансүх мэдээлэл хийв .
Баянзүрх дүүргийн хэмжээнд залилах гэмт 2017 оны эхний хагас жилд 179 гэмт хэрэг үйлдэгдэж байсан бол 2018 оны эхний 5 сарын байдлаар 632 гэмт хэрэг болж 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Дээрх гэмт хэргийг Баянзүрх дүүргийн хэмжээнд хороогоор нь авч үзвэл 14 дүгээр хороонд 64, 6 дугаар хороо 51, 7 дугаар хороо 44, 4 дүгээр хороо 42 гэмт хэрэг үйлдэгдсэн нь хамгийн их байгаа бол 20 дугаар хороо 2, 28 дугаар хороо 4, 11 дүгээр хороо 5 гэмт хэрэг тус тус үйлдэгдэж хамгийн бага үйлдэгдсэн байна. Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхэд иргэд амар хялбар аргаар мөнгө болон эд зүйлийг олж авах сэтгэхүйтэй болсон, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэхдээ төлбөр тооцооны хувьд эргэн төлөгдөх эх үүсвэртэй эсэх болон хувийн байдлыг судладаггүй зэрэг шалтгаанаар дээрх гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Цаашид энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд сургалт, сурталчилгаа тогтмол зохион байгуулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шторк, сэрэмжлүүлэг, тараах материалыг иргэдэд тогтмол хүргэж байх, залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газрууд болох Нарантуул олон улсын худалдааны төв, Баянзүрх зах, Да хүрээ захуудтай хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар санал солилцож хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэжээ.
Мөн архины хордлогын улмаас хүний амь нас хохирсон хэргийн талаарх ойлголт, гаралт түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаар хяналтын прокурор Э.Оюунтунгалаг мэдээлэл хийлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба