Ахмад прокурор Е.Сагсайн нэрэмжит "Прокурорын хяналтын жишиг эрх зүйн хэлбэрийг шалгаруулах мэргэжлийн уралдаан"-д хяналт бүрийн чиглэлээр тэргүүлсэн прокуроруудад болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд прокурорын байгууллагын хэмжээнд зарлагдсан видео сурталчилгааны бүтээлийн уралдаанд шалгарсан прокурорын газруудад тус тус шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газарт боллоо. Арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар, Д.Сүхбаатарын одонт, ахмад прокурор Е.Сагсай, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэлтсийн дарга нар болон Нийслэл, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, Тамгын хэлтсийн дарга нар оролцлоо. Прокурорын хяналтын жишиг эрх зүйн хэлбэр шалгаруулах анхдугаар уралдаан 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж, 1 дүгээр шатнаас шалгарсан Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд үйлдсэн 59 тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд үйлдсэн 34 "Прокурорын дүгнэлт", Шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр бичсэн 33 эсэргүүцэл, нийт 132 эрх зүйн хэлбэрийг 2 дугаар шатны шалгаруулалтад ирүүлжээ.
Прокурорын хяналтын жишиг эрх зүйн хэлбэрийг шалгаруулах мэргэжлийн уралдаанд:
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзоригийн гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 5/12 дугаартай "Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай" тогтоол,
Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын хүрээнд Хэнтий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ч.Хандаамаагийн гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 7/3 дугаартай "Хоригдлыг хугацааны өмнө суллаж, хяналт тогтоолгох тухай" прокурорын дүгнэлт,
Шүүхэд төрийг төлөөлөх ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 5/06 дугаартай Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхэд бичсэн "Прокурорын эсэргүүцэл" тус тус шалгарч "Өргөмжлөл", мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд прокурорын байгууллагын хэмжээнд зарлагдсан видео сурталчилгааны бүтээлийн уралдаанд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газар Тэргүүн байр,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газар Хоёрдугаар байр,
Сэлэнгэ аймгийн прокурорын газар Гутгаар байр,
Налайх, Бага хангай дүүрэг, Хэнтий аймгийн прокурорын газрууд Шагналт байр эзэлж "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнагдлаа. Шагналыг Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар, Д.Сүхбаатарын одонт, ахмад прокурор Е.Сагсай нар гардуулав. Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар хэлсэн үгэндээ: "Монголын прокуроруудын холбооноос Ахмад прокурор Е.Сагсайн нэрэмжит "Прокурорын хяналтын жишиг эрх зүйн хэлбэр шалгаруулах мэргэжлийн уралдаан жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Шинэчлэн батлагдсан хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар, журамд заасан шаардлагын дагуу прокурорууд харилцан туршлага солилцох, тэдний ур чадварыг нэмэгдүүлэхэд уралдааны зорилго оршино. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь прокурорын байгууллагын чиг үүрэгт хамаарна. Энэ ажлын хүрээнд прокурорын байгууллагын хэмжээнд зарлагдсан видео сурталчилгааны бүтээлийн уралдаанд амжилттай оролцсон прокурорын газрууд болон "Прокурорын хяналтын жишиг эрх зүйн хэлбэр шалгаруулах мэргэжлийн уралдаанд амжилттай оролцсон нийт прокурорууддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье. " гэлээ.
Ахмад прокурор Е.Сагсай хэлсэн үгэндээ: "...би прокурорын байгууллагад 36 жил ажилласан. Ажил, амьдралын гараагаа прокурорын байгууллагаас эхэлж, гавьяаны амралтад гарсандаа бахархаж явдаг. Миний мэдэхээр прокурорын хяналтын чиг үүрэгтэй холбоотойгоор прокурорын нэрэмжит уралдаан болж байсан тохиолдол байхгүй. Прокурорын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх үндсэн хэрэглүүр болох "жишиг эрх зүйн хэлбэр" шалгаруулах анхдугаар уралдааныг миний нэрэмжит болгон зохион байгуулсанд талархаж байна.." гээд уралдаанд оролцсон, шалгарсан прокуроруудад баяр хүргээд, өөрийн зүгээс гарын бэлгээ гардууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба