Төв аймгийн прокурорын газраас 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, прокуроруудыг бусад хяналтын ажилд жигд оролцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зориуд зайлсхийсэн сэжигтэн, яллагдагч, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тодорхой эрүүгийн хэрэгт эрэн сурвалжилж олж ирүүлэн хэргийг нь шийдвэрлэх зорилгоор Аймгийн Ерөнхий прокурор С.Алимаа, Цагдаагийн газрын дарга Б.Ганзориг нарын хамтран баталсан удирдамжаар “Хяналт-шийдвэрлэлт 2018” нэгдсэн арга хэмжээг 40 хоногийн хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргалаа. “Хяналт-шийдвэрлэлт 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус Аймгийн прокурорын газраас нийт 46 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн ба үүний 1 хэрэг нь түдгэлзүүлснээс сэргээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, эрүүгийн 2 хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлийн 53 хэргийг хааж, эрүүгийн 11 хэргийг бусад хэрэгтэй нэгтгэж тус тус шийдвэрлэсэн, түдгэлзэлтэй байсан 2 хэргийн бөгөөд төрийн байгууллагын хүсэлтийн дагуу 2 иргэний хэргийн шүүх хуралдаанд прокурор оролцож, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Мөн 85 эрүүгийн хэрэгт прокурорын даалгавар бичсэнээс 74 буюу 87 хувийг ажиллагааны явцад бичиж, 18 эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлах ажиллагаа явуулах даалгавар бичиж биелэлтийг тооцож ажилласан ба мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 3 шалгалт хийж гүйцэтгэсэн байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 14 прокурорын мэдэгдэл бичиж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан 3 байгууллагад яриа таниулга хийж, тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг 1 удаа судалж, хяналтын прокурор Ц.Батбямба, Б.Энхболд нар тус аймгийн Баянчандмань, Борнуур, хяналтын прокурор М.Гансувд, Г.Энхбат, Б.Сувд-Эрдэнэ нар Алтанбулаг, Сэргэлэн, хяналтын прокурор Г.Энхмаа, Х.Оюунцэцэг нар Баянхангай, Лүн сумдад ажиллаж, зарим сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалгаж, малчид, иргэдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа хийж, хууль тогтоомжийг сурталчилж ажиллажээ. Нэгдсэн арга хэмжээг дүгнэхэд прокуроруудаас хяналтын прокурор М.Гансувд нь 48 оноогоор, мөрдөгч нараас тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Эрдэнэбилэг нь 17.6 оноогоор, Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Нармандах нь 14 оноогоор бусдыг манлайлан ажилласан бөгөөд тэргүүн байранд орсон прокурор, мөрдөгч нарыг шагнаж урамшуулжээ. ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба