Булган аймгийн прокурорын газраас тус прокурорын газрын хяналтад 2017, 2018 оны хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заагдсан Хууль бусаар мод бэлтгэхтэй холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, тухайн гэмт хэрэг үйлдэгдэн гарсан шалтгаан нөхцөлийг судалжээ. 2017 оноос хойш хугацаанд прокуророос нийт 22 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласнаас шүүхээр 72.7 хувийг шийдвэрлүүлсэн бол шүүх 19 хүнд ял оноосны дийлэнх хувьд нь торгох ял оногдуулсан байна. Булган аймгийн хувьд малчин иргэд ойн модтой ойр, сумын тамгын газраас зайдуу амьдардаг байдал, хууль, дүрэм журмын мэдлэг дутмаг байдал, тэр бүр сайн ойлголтгүй байдгаас уг гэмт хэрэг гарахад нөлөөлж байна. Судалгааны дүнгээс үзэхэд дээрх гэмт хэргийн гаралт 2015 онд шинээр батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор өсөн нэмэгдэж цаашид зөвхөн хууль хяналтын байгууллага төдийгүй, бусад төр, захиргаа болон хувийн хэвшлийн байгууллагаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил санаачлан, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах шаардлагатай байна. Дээр дурдсан судалгааны мөрөөр Булган аймгийн прокурорын газраас харьяа 16 суманд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллахдаа иргэдэд мэдээлэл хүргэж ажиллаа. Цаашид төр захиргааны байгууллага, ерөнхий боловсролын оюутан, сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулгыг зохион явуулахаар сургалтын материал, гарын авлагыг боловсруулан ажиллаж байна. БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба