MЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭВ

A- A A+
MЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭВ

Прокуроруудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын орлогчийн баталсан хуваарийн дагуу “Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг улсын хэмжээнд нийт нэгжүүдийн прокуроруудыг хамруулан зохион байгуулж эхлээд байгаа билээ. Уг сургалт нь улсын яллагч нарт мэтгэлцэх ур чадварыг эзэмшүүлэх, тэдгээрийн онол, практикийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой бөгөөд энэхүү сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн агуулга болон прокуроруудад нэн шаардлагатай хууль, заавар, журам, эрх зүйн хэлбэрүүдийг багтаасан гарын авлага, сургалтын модулийг Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс эмхтгэн, хэвлүүллээ. Энэхүү гарын авлагыг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөл хэлтсийн  хяналтын прокурор Х.Батчимэг, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оргил-Очир, Н.Мөнхцэцэг, Сонгино хайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Эрхэмбаяр, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэн, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алтантүлхүүр нар хамтран бичиж, боловсруулсныг Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт, судалгааны төвийн дарга, доктор М.Гантулга, тус төвийн багш, судлаач, хяналтын прокурор, доктор, профессор, Г.Ууганболор нар хянан тохиолдуулж гаргажээ. Номыг боловсруулахад зөвлөхөөр Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат ажилласан бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр уг гарын авлага боловсруулсан прокуроруудын төлөөллийг Сургалт, судалгааны төвийн дарга М.Гантулга хүлээн авч уулзан, баяр хүргэж, номын дээжийг гардуулан өгч, сургагч багш нарт ажлын амжилт хүссэн байна.  Сургалтын гарын авлагыг харьяа прокурорын газруудын албан хэрэгцээнд зориулан хүргүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглуулан, дотоод сургалтыг тус гарын авлага дахь агуулгын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Улсын ерөнхий Прокурорын газраас мэдээлэв.