ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАРЬЯАЛАН АЖИЛЛАДАГ БҮС НУТАГТАА ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДАЛЖ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙВ

A- A A+
ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАРЬЯАЛАН АЖИЛЛАДАГ БҮС НУТАГТАА  ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДАЛЖ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙВ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар нь харьяалан ажилладаг сумдын эрүүгийн нөхцөл байдлыг 2018 оны эхний хагас жилийн байдлаар судалж, 2018 оны эхний хагас жилд гарсан эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг 2017 оны эхний хагас  жилд гарсан эрүүгийн нөхцөл байдалтай харьцуулахад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33 хэргээр буюу 27.7 хувиар өсөн байна.Нийт хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийг гэмт хэрэг үйлдэгдсэн газар, нутаг дэвсгэрийн харьяаллаар нь авч үзвэл Өвөрхангай аймгийн Хархорин суманд 53 хэрэг буюу 44.5 хувь нь, Баян-Өндөр суманд 5 хэрэг буюу 4.2 хувь нь, Бат-Өлзий суманд 28 хэрэг буюу 23.5 хувь нь, Хужирт суманд 12 хэрэг буюу 10.0 хувь нь, Есөн зүйл суманд 8 хэрэг буюу 6.7 хувь нь, Бүрд суманд 10 хэрэг буюу 8.4 хувь нь, Өлзийт суманд 3 хэрэг буюу 2.5 хувь нь тус тус үйлдэгдэж, Хархорин, Бат-Өлзий, Бүрд, Есөн зүйл сумдад гэмт хэргийн тоо 4-17 хэргээр  өссөн байна. Сумдад үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас нийт 25 хүн нас барсны 2 нь буюу 8 хувь нь бусдын гарт амь үрэгдэж, 6 нь буюу 24 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас, 17 нь буюу 68 хувь нь  золгүй байдлаар нас барсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13-аар буюу 1 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна. Дээрх төрлийн гэмт хэргүүд гарахад дараах хүчин зүйлүүд нөлөөлж байна гэж дүгнэсэн байна. Архидан согтуурснаас болон хөдөлмөрийн насны залуучууд ажиллах ажлын байргүй, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлдэггүй, хувь хүний ёс суртахуун дутмаг  зэрэг хүчин зүйлээс хамаарч хэсэг бүлгээрээ нийлж ахуйн хүрээнд болон баар цэнгээний газар архидах, ялимгүй зүйлээр шалтаглан хоорондоо хэрүүл маргаан үүсгэж улмаар хүний эрүүл мэндэд санаатай болон санамсаргүй байдлаар гэмтэл учруулах, хүний амь насыг хохироох гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Үүнийг дагаад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг урьд оноос 21.7 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь авто замд жолооч нар хурд хэтрүүлэх, үзэгдэх орчин чөлөөтэй бус цаг үеэр замд гарах, согтууруулах ундаа хэрэглэсэн эсвэл хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, байнгын ажиллагаатай замын хяналтын пост байхгүй зэргээс шалтгаалан энэ төрлийн гэмт хэрэг Бат-Өлзий, Бүрд, Есөн зүйл сумдад өсөх хандлагатай байна. Хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл нь  хүн амын нягтаршил ихсэж байгаатай холбоотойгоор ажилгүй иргэд, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн тоо нэмэгдэж орон нутагт ядуурал, байнгын орлогын эх үүсвэргүй иргэд хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн үйлдэж байгаагаас гадна, нийгмийн сөрөг үзэгдлүүд болон орон гэрээ удаан хугацаагаар эзэнгүй орхисноос, иргэдийг ажил албандаа явсан хойгуур хаалга, цоож, цонхыг эвдэн орж эд зүйлийг хулгайлж байгаа нь иргэдийн өөрсдийнх нь сонор сэрэмж муугаас шалтгаалж байна гэж дүгнэсэн байна. Цаашид шинээр мөрдөгдөж буй эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомжуудыг сурталчилан таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэмт явдал, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон бусад шаардлагатай хууль тогтоомжоор иргэн, байгууллага, аж ахуйн нэгж, тэнд ажиллаж байгаа ажилтан ямар эрх үүрэгтэй болохыг хүн  бүрт хүргэх тэр нь байнгын шинжтэй байхаар сургалт сурталчилгааг зохион байгуулах, үүнд хууль хяналтын  байгууллагуудын ажилтан, хуульчдын хүчийг нэгтгэн ашиглах шаардлагатай байна гэж дүгнээд сумдын эрүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хархорин, Бат-Өлзий, Бүрд, Есөн зүйл сумдын салбар зөвлөлийн дарга нарт мэдэгдэл хүргүүлж, Аймгийн ИТХ дарга ГХУСАЗС зөвлөлийн дарга А.Ишдорж,  Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд нарт танилцуулга хүргүүлж ажилласан байна. ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.