ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний 2.7 дахь хэсэгт заасан “Эх орныхоо түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар байгууллага, хамт олноороо аялах, энэ ажлын хүрээнд Тамгын газар аялалын тодорхой чиглэл гаргаж зохион байгуулах” заалтын хэрэгжилтийн хүрээнд тус аймгийн Прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд 2018 оны 07 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар болох Дархадын цэнхэр хотгор, Ренчинлхүмбэ, Цагааннуур суманд оршдог Шишгэд, Тэнгис голын бэлчир зэрэг газруудыг үзэж танилцах аяллыг зохион байгуулсан байна.    Дархадын цэнхэр хотгор нь далайн түвшнээс дунджаар 1500-1600 орчим метр өргөгдсөн, зүүн хойноос баруун урагш 150 орчим км урт, 40 км орчим өргөн гонзгой дөрвөлжин хэлбэртэй, нийт 42.7 мянган га газар хамардаг байна. Дархадын хотгорын хойд хэсгээр Тагна Соёны нурууны өндөр уулс, зүүн өмнөд талаар Хорьдол Сарьдагийн нуруу түүний салбар уулс, Жиглэг, Жарын даваа, Дэлгэрхаан, Урандөш, Шилүүст зэрэг өндөр сүрлэг, шовх оргил бүхий уулс бий. Баруун талаар Ивэд, Хармай, Мунгараг голын усны хагалбар, Хан тайга, Хөх тайга,  Лам тайгын салбар уулсаар хүрээлэгдсэн, өмнө талаар Өл, Тоомын өндөр даваанууд сүндэрлэнэ. Дархадын хотгор нь манай уулсын хамгийн олон нууртай газар бөгөөд нийтдээ 150 гаруй том жижиг нуур тойром байдаг гэж үздэг. Эдгээр нууруудыг  Багтага, Хөг, Гуна, Арсай, Шарга, Хогорго, Тэнгис, Шишгэд зэрэг олон арван голын ус тэтгэдэг. Шишгэд, Тэнгис голын ай сав газарт 300 гаруй гол, нуур бий бөгөөд араатан амьтан, загасаар аахайгаар баялаг газар юм. Шишгэдийн гол далайн түвшнээс 2610 метр өндөр Хорьдол Сарьдагийн салбар уулс Алтан тайгын Гунын голоос эх аваад хэд хэдэн нуурыг дамжин урссаар Енисей мөрөнтэй нийлж, хойд мөсөн далайд цутгадаг байна.  ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.