Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст “Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэлийг мөрдөгч нараас хүлээн авах, хадгалах, шийдвэрлэх” ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Ерөнхий прокурорын баталсан заавар, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд шалгав. Цагдаагийн хэлтсүүдийн эд мөрийн баримт хадгалах өрөө нь байгууллагын подвалд байх хонгилын өрөөнд байрлаж байх бөгөөд Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/80 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журам”-ын 3.2 дахь хэсэгт заасан эд мөрийн баримтын өрөөний шаардлагыг хангахгүй, Тэсэрч дэлбэрэх, ууршиж дэгдэх, хүний амь бие, эрүүл мэнд, орчин тойронд аюул учруулж болохуйц хадгалалтын тусгай горим шаардсан эд зүйлсийг зориулалтын тусгай газарт хадгална гэснийг зөрчиж эд мөрийн баримтын өрөөнд түргэн шатаж дэлбэрэх бодис бүхий ахуйн газ 1 ширхэг баллонтой зохих журмын дагуу хадгалаагүй, Эрүүгийн хэрэгт хураан авсан бэлэн мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэлийг байгууллагын няравт хүлээлгэн өгдөг байх бөгөөд нярав нь “Агуулахын бүртгэл”, “Кассын дэвтэр” зэрэг бүртгэлд бүртгэж байгаа нь шаардлага хангахгүй, камергүй хонгилын өрөөнд хадгалж байгаа, “Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журам”-ын 5 дугаар зүйлд “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад хадгалагдаж байгаа эд мөрийн баримтыг устгах ажлын хэсгийг тухайн байгууллагын даргын тушаалаар байгуулна. Ажлын хэсэг нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдаж, эд мөрийн баримтыг эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн прокурорын тогтоолд заасны дагуу шийдвэрлэх ба ажлын хэсгийн шийдвэргүйгээр эд мөрийн баримтыг устгахыг хориглоно” гэсэн заалт хэрэгждэггүй зэрэг зөрчил дутагдал илэрлээ.Шалгалтын дүнг харьяа Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд танилцуулж, шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийг арилгуулах, дахин гаргуулахгүй байхаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст прокурорын шаардлага, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст зөрчил арилгуулах тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн байна. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба