Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ахмад, залуу үеийнхний холбоог бэхжүүлэх, ахмадуудаас суралцах, тэдний зөвлөгөө, зөвлөмжийг сонсох зорилгоор УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан, ахмад прокурор Б.Галдааг урьж, уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Тэрээр хууль хяналтын байгууллагад 30 гаруй жил зүтгэхдээ Ховд аймгийн орлогч прокуророос авахуулаад Хан-Уул Дүүргийн прокурор, Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга, УЕПГ-ын хяналтын прокурор, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны анхны даргаар ажиллаж байгаад тус алба татан буухаас нэг жилийн өмнө гавьяаныхаа амралтад гарчээ. Б.Галдаа нь төрдөө хийсэн ажилтай, залуу үедээ сургаалын үгтэй нэгэн болохыг дурдах нь зүйтэй. Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор Ц.Батболд уулзалтын арга хэмжээг нээж, үг хэллээ. Мөн тус дүүргийн хяналтын прокурор П.Нархажидийн асуусан“...Та прокурорын байгууллагыг нэр шигээ хайрладаг гэж нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Илүү дэлгэрүүлбэл...? ” гэсэн асуултад ахмад прокурор Б.Галдаа “Би үргэлж л прокурорын байгууллагад хүндэтгэлтэй ханддаг. Хүмүүс бидний нэрийг хэлснийхээ дараа “прокуророо” гэж дууддаг. Энэ “миний нэр”, бас “миний овог нэр”. Тиймээс л энэ ажил биднээс ёс зүйн өндөр мэдрэмж, мэргэжлийн ур чадвар, зөв арга барил, мэдлэг боловсролын хувьд нэр төртэй явахыг шаарддаг...” гэж хариулсан нь цаашид залуу үедээ прокурор байхын мөн чанарыг цөөн үгээр илэрхийлсэн гайхалтай хариулт байсныг дурдах нь зүйтэй. Тэрээр ярилцлагынхаа явцад УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг анх байгуулж, анхны даргаар нь томилогдон ажиллаж байсан цаг үеэ дурсаад, тэрхүү албанд хүчин зүтгэж байсан алба хаагчдаараа бахархаж явдгаа ч бас нуусангүй. Төгсгөлд нь ахмад прокурор Б.Галдаа тус дүүргийн прокурор ажилтнуудад ажлын амжилт хүсээд, ажил мэргэжил хийгээд спортын бага наадамд гаргасан амжилт бүтээлийг нь сайшаахын зэрэгцээ энэ амжилтаа улам баталгаажуулахыг хүсч байгаагаа илэрхийллээ. Тус дүүгийн Ерөнхий прокурор Ц.Батболд ахмад прокурор Б.Галдаад хандан эрүүл энх байж урт удаан наслахыг ерөөгөөд, дурсгалын зүйл гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба