Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх журам”-ын дагуу Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Г.Цолмонгэрэлийн тангараг өргөх ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулжээ. Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг, тус аймгийн прокуророор олон жил ажилласан ахмад прокурор С.Сүрэн, Н.Цэрэннадмид нар оролцсон байна. Аймгийн Ерөнхий прокурор Ж.Мөнхжаргал, ахмад прокурор С.Сүрэн, Н.Цэрэннадмид нар прокурорын хариуцлагатай, хүндтэй албанд томилогдсонд баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж эрхэлсэн ажилдаа эзэн болж шударга ажиллахыг хүсэн ерөөлөө. Г.Цолмонгэрэл нь АШУҮИС-ийг төгсөж эмч мэргэжлээрээ амжилттай ажиллаж байсан ба өөрийн хүсэл сонирхлын дагуу хуульчийн мэргэжлийг дахин эзэмшиж Өвөрхангай аймгийн прокурорын газарт туслах ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж Тамгын хэлтсийн даргаар ажиллан улмаар прокуророор томилогдсон байна. СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба