Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас “Ахмад, дунд, залуу үеийн уулзалт"-ыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж, тус аймгийн прокуророор олон жил ажиллаж байсан ахмад прокурор С.Сүрэн, Н.Цэрэннадмид нарыг урьж, оролцуулсан байна. Уулзалтыг нээж Аймгийн ерөнхий прокурор Ж.Мөнхжаргал нээж хэлсэн үгэндээ “...ахмад буурлууд нь хойч үедээ сургаал захиасаа айлдаж, арвин их баялаг туршлагаа өвлүүлэн үлдээдэг, залуус нь ахмад үеэ хайрлан хүндэтгэж, байгуулсан гавьяа, үлдээсэн өвийг нь нэр төртэй үргэлжлүүлж байдаг эргэх цагийн хэлхээ холбоо, эрт эдүгээгийн залгамж халаатай.Сэлэнгэ аймгийн прокуророор ажиллаж байсан ахмад прокурор С.Сүрэн, Н.Цэрэннадмид нарыг ажиллаж байх үед манай аймгийн прокурорын газар ажлаараа ямагт бусад прокурорын газруудаа манлайлж байсныг дурсахад сайхан байна. Өнөөдөр 3 үеийн уулзалтыг зохион байгуулж, ахмадынхаа сургаалийг сонсож, суралцах, түүхээ мэдэж байх, ажил амьдралдаа хэрэгжүүлэхэд энэ уулзалтын маань зорилго оршиж байна” гэж уулзалтын ач холбогдлыг тэмдэглэн хэлж, ахмадууддаа аймгийн прокурорын газраас хийсэн ажлаа товч танилцуулсан байна.
Ахмад прокурор Н.Цэрэннадмид “... прокуророор ажиллаж байгаа хүн өөрийгөө байнга дайчилж хуулиуд болон ном, сонин сайн уншиж байх, хэргийг хянахдаа түүврийг заавал хийж байх, түүврийг хийхдээ эхлээд процессыг, дараа нь байцаалт болон бусад зүйлсийг түүвэртээ бичдэг байх, хэргийг шүүхэд шилжүүлэхээсээ өмнө яллагдагчтай прокурор уулзаж гомдол, хүсэлтийг нь сонсдог байх нь чухал”, ахмад прокурор С.Сүрэн “... прокурорууд хүнтэй харьцах харьцаан дээрээ онцгой анхаарах хэрэгтэй. Хүнийг ялгаж харьцахгүй байх, энэ прокурорт итгэж учрыг нь олж чадах юм байна гэж бодохуйц биеэ авч явах, хүн чанартай байвал ажил чинь ч бүтнэ, шалгаж буй зүйлээ ч учрыг нь олж зөв чиглүүлнэ. Хүнтэй харьцах харьцаандаа сайхан чанараа баяжуулж байх нь их л тус болно” гэж сургамж, зөвлөгөө өглөө. Уулзалтын үеэр прокурорууд асуулт асууж санал бодлоо харилцан ярилцсан нь үр дүнтэй боллоо. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба