2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газар, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс хамтран Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөрлөг, сургалтыг зохион байгууллаа.
Тус цогцолбор нь анх 1991 онд “Хүүхдийн Итгэл” төв нэртэйгээр байгуулагдаж, 1995 оны 10 дугаар сараас “Сургалт-үйлдвэрлэл халамжийн төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад 1999 оны 09 сарын 30-ны өдөр “Хүүхэд хамгаалал” төвтэй нэгдэж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр-хүмүүжил сургалтын төв болон өөрчлөгдөж, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн засаг даргын А/150 дугаартай захирамжаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” болон Хүүхдийн төв, Залуучуудын төв гэсэн бүтэцтэй ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-16 насны хүүхдүүдийг Дүүргийн засаг даргын захирамжаар жилд 1-2 удаа зохион байгуулагддаг хараа хяналтгүй хүүхдүүдийн /илрүүлэлт/ үйл ажиллагаагаар хүлээн авч, 16 нас хүртэл нь байнга байрлуулан, сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж, халамжлан хүмүүжүүлэх , нийгэмшүүлэх 24 цагийн үйл ажиллагаатай төрийн байгууллага юм.
Сургалтаар тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс “UNFRIEND” хөдөлгөөний талаар сургалт явуулж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяр тус цогцолборын багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч, өсвөр насны хүүхдүүдийг оролцуулан нийт 55 хүнд “Цахим орчин дахь гэмт хэргийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” нэртэй сургалтыг зохион байгуулав. Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба