Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2018 оны 09 дүгээр сарын 27-ны намрын дунд цагаагчин тахиа сарын билэгт сайн өдөр Д.Сүхбаатарын одонт, ахмад прокурор Ерөөлтийн Сагсайг урьж, уулзалтын арга хэмжээг зохион байгуулан, хүндэтгэл үзүүллээ.
Е.Сагсай нь Прокурорын байгууллагад 36 ажиллахдаа Баян-Өлгий аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих туслах прокуророос ажлын гараагаа эхлүүлж, Прокурорын байгууллагын бүхий л шатанд ажиллахдаа Баянзүрх дүүргийн ахлах прокурор, Сүхбаатар дүүргийн прокурор, Нийслэлийн прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын газрын 1 дүгээр газрын дарга, Улсын Ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга хүртэл удирдах албыг хашиж байгаад нэг жилийн өмнө гавьяаныхаа амралтанд гарчээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Ариунаа уулзалтыг нээж, хэлсэн үгэндээ "...Прокурорын байгууллагын хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулж энэ байгууллагын төлөө өөрийн мэдлэг боловсрол, оюун ухааныг харамгүй зориулж ажилласан, прокурорын хяналтын ажлын арвин их туршлагатай, хойч үеийнхэн бидэндээ үлгэр дууриалал болсон таниар бид байнга бахархаж, суралцсаар ирсэн.Өнөөдөр ч гэсэн таны үнэтэй зөвлөгөө, зөвлөмжийг сонсохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна..." гэсэн байна. Уулзалтын үеэр ахмад прокурор Е.Сагсай нь Прокурорын байгууллагад ажиллаж байсан түүхийн үеийнхээ дурсамжаас хуваалцан, прокурор, ажилтнуудаас ахмад прокуророос асуулт асууж, харилцан санал бодлоо хуваалцжээ.
Тэрээр прокурор, ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ “..Би нэгэн ярилцлагадаа “Сэлэм эргүүлээд гүйгээд байх нь прокурор хүний зан биш” гэж хэлсэн нь та бүхэнд нэгийг бодогдуулсан байх. Прокурорын ажил бол цаг нартай уралдсан, нэгэн зүг чигт зүглэсэн маш хариуцлагатай алба юм. Прокуророос гарсан шийдвэр бүхэн нотлох баримтанд үндэслэсэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх ёстой. Өнөөгийн цаг үе, нийгмийн хөгжлөө дагаад залуу хойч үеийнхэн маань өөрийгөө хөгжүүлэн, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд цаг ямагт анхаарч, яллах урлагт шамдан суралцах хэрэгтэй. Та бүхнийг прокурорын нэр хүндийг ямагт цэвэр ариунаар, өндөрт авч яваасай гэж хүсэж байна” хэмээн зөвлөсөн нь залуу үеийн прокуроруудад үнэтэй зөвлөгөө боллоо. Дүүргийн ерөнхий прокурор Ж.Ариунаа нь ахмад прокурор Е.Сагсайгийн цаашдын ажил, амьдралд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардуулснаар уулзалтын арга хэмжээ өндөрлөсөн байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба