Хан-Уул дүүргийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/80 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх” журмын хэрэгжилтийг шалгасан дүнг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр харьяа Цагдаагийн хэлтсүүдийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан, хамтарсан хурлаар хэлэлцжээ. Хурлаар дээрх журмын хэрэгжилтийн байдал, илэрсэн зөрчлийг арилгуулах болон цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, хамтарсан ажлын хэсэг байгуулан Цагдаагийн хэлтсүүд болон Прокурорын газарт хадгалагдаж буй эд зүйл, эд мөрийн баримтуудыг нэг бүрчлэн тулгалт хийн шийдвэрлэх, шалгалтын мөрөөр Цагдаагийн хэлтсүүдэд прокурорын шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуророос улиралд нэгээс доошгүй удаа хуралдаж, эд мөрийн баримтыг прокурорын тогтоолд заасны дагуу тогтоосон хугацаанд шийдвэрлэж байх, дээрх журмыг нэг мөр хэрэгжүүлэх талаар харьяа албан хаагчдад дотооддоо сургалт явуулж, холбогдох бүртгэлийг шаардлагын дагуу бүртгүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг ажлын хэсэгт өгчээ. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба