Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас санаачлан Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн прокурорын газар, Хар тамхитай тэмцэх газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран энэ сарын сүүлээр тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим томоохон их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад “Мансуурал ба донтолтоос урьдчилан сэргийлэх нь” сэдвээр хамтарсан сургалт зохион байгууллаа.
2018 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Хөдөө аж ахуйн их сургууль дээр зохион байгуулсан сургалтад нийт 300 оюутан, 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар дахь Англи /Бритиш/ сургуульд зохион байгуулсан сургалтад 50 гаруй сурагч, 09 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий боловсролын 18 дугаар дунд сургуульд явагдсан сургалтад 230 сурагч, 09 дүгээр сарын 28-ны өдөр Орчлон олон улсын сургуульд явагдсан сургалтад 300 сурагч, 5 хоногийн туршид зохион байгуулагдсан сургалтад нийтдээ 1000 орчим оюутан, сурагчид хамрагджээ.
Сургалтын арга хэмжээг Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн нээж, үг хэлэхдээ: “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий болон их дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэвэл хуулийн ямар хариуцлага оноодог, мөн хэрэглэхгүй байхын тулд хувь хүн өөрийгөө хэрхэн хамгаалж, ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар оюутан, сурагчдад мэдлэг олгох зорилгоор энэхүү сургалтыг явуулж байна” гэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Ариунаа: Гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд, Монгол Улсын хэмжээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оныхоос 78 хувиар өсч, холбогдсон хүмүүсийн 50-аас дээш хувийг 16-25 насны хүмүүс эзэлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчид өртөх явдал гарч байгаа нь сэтгэл зовниулсан асуудлын нэг болж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх аж аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг үүрэг”-т Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах.. урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах” ажлыг явуулахаар заасан ба энэ ажлын хүрээнд тус прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон холбогдох бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэхүү сургалтыг явуулж байна.
Аливаа гэмт хэрэг, зөрчлийг гарсан хойно нь хэн нэгнийг шийтгэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх ажил ихээхэн чухал юм. Иймд Прокурорын байгууллагаас цаашид ч мөн энэ чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн бусад байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Сургалтаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Б.Энхчимэг “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын бие махбодод нөлөөлөх хор нөлөө”-ний талаар; Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамцэцэг, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Батзориг нар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар, түүнээс үүсэх хор уршиг, хууль зүйн үр дагавар, хэрхэн урьдчилан сэргийлэх” талаар тус тус сургалт зохион байгуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Ганбат “Энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг үйлдэгсдэд шүүхээс оногдуулж буй ял шийтгэл”-ийн талаар мэдээлэл хийлээ. Сургалтын явцад энэ төрлийн зөрчил, гэмт хэргээс сэрэмжлүүлэх чиглэлээр прокуророос бэлтгэсэн сурталчилгааны материал /брошур/-ыг оюутан, сурагчдад тараахын зэрэгцээ тэдгээрийн зүгээс тавьсан асуултад хариулт өгч, харилцан ярилцах хэлбэрээр сургалтыг амжилттай явууллаа.
Сургалтад оролцсон сурагчдын сэтгэгдлээс:
Бритиш сургуулийн ахлах ангийн сурагч Г.Санчирхүү: Хар тамхи, мансууруулах бодисын талаар бидэнд ямар нэг мэдээлэл маш дутмаг байдаг ба өнөөдрийн энэхүү сургалтаар эрүүл мэндэд хэрхэн, яаж нөлөөлдөг вэ, ямар хор уршигтай зэрэг талаар маш олон мэдээллийг олж авлаа. Цаашид хэзээ ч хэрэглэж болохгүй юм бна гэж бодож байна.
Бритиш сургуулийн ахлах ангийн сурагч Х.Намуун: Зөвхөн өсвөр насны гэлтгүй бүх насны хүүхдүүдэд энэ талаарх мэдээлэл өгч, аль болох бага наснаас нь мэдээллийг хийж урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж бодож бна. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Ариунаа, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Ганбат болон сургагч багш нараас дээрх сургуулиудын удирдлагуудтай уулзаж, явуулж буй сургалтын зорилго, ач холбогдлын талаар танилцуулахад нааштайгаар хүлээн авч, цаашид энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба