НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол улсын Ерөнхийлөгчийн “Авилгаас татгалзах, авилгын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил болгон зарлах тухай" 2018 оны 38 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Авилгын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчийг хамгаалах нь” сэдвийн дор  Улсын Ерөнхий Прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар болон Авилгатай тэмцэх газрын удирдлагын төвшний хамтарсан уулзалт зөвлөгөөнийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр  Авилгатай тэмцэх газрын “Олон нийтийн төвийн хурлын танхим”-д зохион байгууллаа. Уг уулзалт зөвлөгөөнд УЕП-ын туслах прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл, тус хэлтсийн ахлах, хяналтын прокурорууд, Нийслэлийн прокурорын газрын удирдлага болон Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн ахлах, хяналтын прокурорууд, Авилгатай тэмцэх газрын удирдлага, мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нар оролцлоо. Зөвлөгөөнөөр авилгын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, учирч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, тэр дундаа авилгын гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалахад тулгамдаж буй асуудлын талаар удирдлагын төвшинд уулзалт хийж, санал солилцохоос гадна МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D)., профессор Д.Баярсайханаар  “Албан тушаалын гэмт хэрэг онол, практик” сэдвийн дор Монгол улсын Эрүүгийн хууль тогтоомж дахь авилга албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэл, онол арга зүйн тулгамдсан асуудал, гадаад улс орнуудын чиг хандлагын талаар  илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэхүү зөвлөгөөнөөс Авилгын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УЕПГ-аар дамжуулан хууль тогтоогчид хүргэхээр боллоо. НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.