ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД ДЭХ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ДОРНОГОВЬ  АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД ДЭХ  СУМ ДУНДЫН  ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас санаачлан тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төрийн болон төрийн өмчит аж ахуй нэгж байгууллагын үүрэг оролцоо“ сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний зорилго нь нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг эзэмшсэн мэргэжил, ур чадварыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/131 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байрны жагсаалт”-д заасан байгууллагуудад нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлж ажлын бүтээмжийг дээшлүүлэх, мөн зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээсэн хүнд чиглэсэн сургалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн зохион байгуулахад Засаг даргын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. Зөвлөгөөнд төрийн байгууллагын 15, төрийн өмчит 2 байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд хяналтын прокурор Э.Болор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх бүхий байгууллагын үүрэг, оролцоо” сэдвээр, шийдвэр гүйцэтгэгч Б.Цэрэнханд “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний тухай ойлголт, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвүүдээр мэдээлэл хийж харилцан ярилцлаа. Хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсны үр дүнд Замын-Үүд сумын Засаг дарга болон “Нийтийн аж ахуй үйлчилгээ орон нутгийн өмчит” ХХК-иас ялтнуудын ажиллах ажлын байрны жагсаалтыг гаргах, мөн зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтыг хуульд зааснаар зохион байгуулахын тулд Замын-Үүд суманд соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг магадлан итгэмжлэхэд Засаг даргаас дэмжлэг туслалцаа үзүүлэхээр боллоо.  ДОРНОГОВЬ  АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД ДЭХ  СУМ ДУНДЫН  ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.