Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурор Юрий Чайкагийн урилгаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Москва хотод ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд 2 орны прокурорын байгууллагын төлөөлөгчид Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний ай сав газрын усны, биологийн болон бусад байгалийн баялгийг ашиглах, хог хаягдлыг зохицуулах, тус сав газрын өвөрмөц байгалийг хадгалж хамгаалах зэрэг асуудалд Олон Улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд хэрхэн хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай, Сэлэнгэ аймгийн ерөнхий прокурор Ж.Мөнхжаргал, Орхон аймгийн ерөнхий прокурор Г.Эрдэнэбаатар, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ж.Болорпүрэв, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга, Хууль зүй , дотоод хэргийн яамны төлөөлөгч Б.Азбаяр нар орж ажиллалаа. Мөн ОХУ, Монгол Улсын прокурорын байгууллагын удирдлага, төлөөлөгчид оролцсон дугуй ширээний уулзалт болж Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав газрын хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар хоёр орны прокурорууд илтгэл тавьсан ба Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Жаргалсайхан "Монгол Улс дахь хүрээлэн байгаа орчны нөхцөл байдал, түүнийг гэмт халдлагаас хамгаалах асуудал" сэдвээр илтгэл тавьсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба