ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДӨВ.

A- A A+
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДӨВ.

Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Монгол улсад үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөж, тэр дундаа бусдын эд зүйлийг хулгайлах, бусдын биед гэмтэл учруулах, залилан мэхлэх гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байгаатай холбогдуулж тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох гаралтыг бууруулах чиглэлээр дан ганц хууль хяналтын байгууллагууд бус энэ ажилд төрийн бус байгууллага, иргэдийн тусламж дэмжлэгийг авах, хамтран ажиллах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт аймгийн Хууль эрхзүйн хэлтэс, Цагдаагийн газар, Хэрэг бүртгэх алба, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Мэргэжлийн хяналтын газар, Аймгийн Прокурорын газар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шүүх, Ерөнхий боловсролын захирал, Нийгмийн ажилтан, багш нар, сурагчид болон орон нутгийн аж ахуйн нэгжүүд болох Күен баар, Эрдэнэс плаза төв-ийн DD баар, Сатурн баар, Компорт зочид, МБМ зочид буудал зэрэг хувийн ААНБ-уудын захирлууд зэрэг нийгмийн салбар бүрийн төлөөллүүд оролцож, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэлтэй танилцаж, санал бодлоо илэрхийллээ.  Оролцогчдод “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүний гаралт, нутаг дэвсгэрийн онцлог” Аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Г.Хатанзориг, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” Аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Б.Батсүх, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт, шүүхээр шийдвэрлэсэн байдал” Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн А.Мягмаржаргал, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх” Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Ч.Эрдэнэбилэг, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх” Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургуулийн багш Ч.Чулуунцэцэг, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх” Барил трейд ХХК-ны Хүний нөөцийн зөвлөх П.Одгэрэл нар тус тус мэдээлэл хийж танилцууллаа.  Дархан Уул аймагт 2018 оны эхний 8 сарын байдлаар үйлдэгдсэн нийт 564 хэргийн 192 буюу 34.0 хувийг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар өссөн үзүүлэлт юм. 2018 оны эхний 8 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн судалгаанаас харвал 34.3 хувь нь согтуугаар, 35.4 хувь нь гэр орон сууцанд, 31.2 хувь нь гудамж талбайд, 16.1 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдсэн байгаа нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулах аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, засаг захиргааны болон иргэний нийгмийн байгууллага, удирдлагууд, тэдгээрийн хамтарсан баг, сууц өмчлөгчдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд онцгой анхаарч цаашид үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг харуулж байна. Аймгийн Прокурорын газраас Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс хууль сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах, согтууруулах ундааны хэрэглээг багасгах, хязгаарлах, аж ахуй нэгж, байгууллага, иргэд оршин суух газрын хяналтын камержуулалтыг нэмэгдүүлэх, хууль бусаар архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг газар, дэлгүүр, хувь иргэдэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, чангатгах, энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага болон хор уршгийг иргэдэд таниулах үүднээс нээлттэй шүүх хурлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах зэрэг саналыг дэвшүүллээ.  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналуудыг тусган зөвлөмж гарган баталсан бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад уриаллаа. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.