Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2018 онд Прокурорын байгууллагаас дэвшүүлсэн “..Авилга, албан тушаал, мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад прокурорын хяналтыг чиглүүлж, энэ ажилд хууль сахиулах, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 9 дүгээр сард харьяа дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдал”-ыг 2016 он, 2017 он, 2018 оны эхний хагас жилийн байдлаар Дүүргийн ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу судалжээ. Судалгаанд харьяа Цагдаагийн хэлтсүүд, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын Дархан цаазат хамгаалалтын газар, Туул голын сав газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудын шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн болон эрүүгийн хэрэг, материалуудыг хамруулан, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж, уг ажлын хүртээмж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар үйлдвэрлэл үйлчилгээний АПУ ХК, Номин компани, дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтнууд зэрэг 100 хүнийг хамруулан олон нийтийн санал асуулгыг авч, дүгнэлт хийсэн байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дээрх хугацаанд гарсан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх буюу 98 хувийг Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн тоо эзэлж, өнгөрсөн хугацаанд энэ тухай гомдол, мэдээлэл 176 бүртгэгдсэний 96 хувьд зөрчлийг шалгаж тогтоон, холбогдогч нарт шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсны 45 хувьд нь хуулийн этгээдэд, 55 хувьд хүнд, нийтдээ 165.093.020 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг төлж барагдуулсан байна. Дээрх зөрчлүүдийн 49 хувийг Зөрчлийн тухай хуульд заасан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих”, 27 хувийг “Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах”, 16 хувь нь “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих”, үлдсэн хувийг “Агаарын тухай, Ойн тухай, Амьтны тухай, Усны тухай хуулиудыг зөрчих” зөрчлийн тоо эзэлж байна. Харьяа байгууллагуудаас үйл ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахад, Туул болон түүний цутгал голуудын хамгаалалтын бүс, Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсэд хамрагдах талбайд барилгын хог хаягдал хаях зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл гаргах, голын хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах, голын эрэг дагуу төв замаас салаалсан олон шороон замаар хүмүүс зорчиж голын эрэг дээр гал түлэх, хог хаягдал хаях, машинаа угаах, зөвшөөрөлгүй худалдаа наймаа эрхлэх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулдаг нь голын гольдирол, байгалийн нөөцөд ихээхэн нөлөөлдөг тул зогоон татан шороо буулгаж зам хаах, голын дагууд тодорхой цэгүүдэд сурталчилгааны самбаруудыг байршуулах, камержуулах, холбогдох мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт, цэвэрлэгээ хийх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг явуулах, сургалт явуулах зэрэг ажлуудыг явуулж байна. Гэвч Туул голын бохирдлын хэмжээ, усны чанар байдал эрс муудсан гэх өнөөгийн нөхцөл байдалд тус дүүргийн хэмжээнд голын сав газарт Усны тухай хууль зөрчсөн зөрчил 2 бүртгэгдсэн нь илрүүлэлт төдийлөн сайн биш, хяналт шалгалтыг тогтмол, чанартай явуулдаггүй, үр дүнд хүрэхүйц дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой. Мөн тус дүүргийн зарим хороодын нутагт голын сав газрын орчимд түгээмэл тархацтай ашигт малтмал хайрга олборлогч аж ахуйн нэгжүүдээс байгаль орчинд нөлөөлөх байдлын урт болон богино хугацааны төлөвлөгөөг батлуулахгүйгээр үйл ажиллагаа явуулдаг, мэдээ тайланг холбогдох газарт хүргүүлдэггүй зөрчлүүд гарсан байхад, зөрчил гаргасан компанийн үйл ажиллагааг түр зогсоох хүртэл арга хэмжээг авч ажиллаагүй байгаа нь цаашид уг ажлын чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. Судалгааны явцад санал асуулгад оролцогчдын дийлэнх буюу 89 хувь нь хүрээлэн буй орчныг сайжруулах чиглэлээр холбогдох газруудаас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдэхгүй гэх хариултыг өгч, цаашид Нийслэлчүүдийн ундны эх үүсвэр болж буй Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох явдлыг зогсоох, дүүргийн 2 дугаар хорооны суурьшлын бүсээс арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа талаар саналыг гаргажээ. Дээрх судалгааны дүнг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дүүргийн ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцээд, тус дүүргийн хэмжээнд цаашид энэ төрлийн зөрчлийн нэгдсэн тоо бүртгэл, мэдээ судалгааг нэгтгэн дүгнэлт хийж байх ажлыг хэрхэн оновчтой зөв зохион байгуулах, хяналт шалгалт, хамгаалалтын үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагуудын энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн, чанар, үр дүнг сайжруулах зорилгоор эрх бүхий байгууллагуудтай хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба