ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан,  Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нарын баталсан  хөтөлбөр, хуваарийн  дагуу Тээврийн Прокурорын газраас, Тээврийн цагдаагийн албатай хамтран орон нутагт зохион байгуулах сургалт  2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгаас эхэлж байна. Сургалтыг Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Сарантуяа, Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Пүрэвсүх нар удирдан хяналтын прокурорууд, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Төмөр зам дахь Цагдаагийн газрын холбогдох хэлтсийн алба хаагчид болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд 2017 онд цагдаагийн байгууллагад нийт 32259 гэмт хэрэг бүртгэгдсэний дотор хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1525 бүртгэгдэж, нийт гэмт хэргийн 4.7 хувийг эзэлсэн нь 2016 оны үзүүлэлттэй харьцуулахад 1.9 хувиар буурсан байх боловч орон нутагт 0.1 хувиар, тухайлбал 21 аймгийн 12-т энэ төрлийн гэмт хэрэг өссөн2017 онд зам тээврийн ослын улмаас 507 хүн нас барсан нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад улсын хэмжээнд 5.8 хувиар өссөн, 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд  энэ төрлийн гэмт хэрэг 997 үүний дотор Улаанбаатар хотод 412, орон нутагт 585 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байх ба зам тээврийн ослын улмаас Улаанбаатар хотод 90, орон нутагт 284 хүн нас барсан статистик мэдээ гарчээ. Тээврийн Прокурорын газраас нийслэлийн хэмжээнд гарсан “Автотэээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”  гэмт  хэрэг, орон нутагт гарсан зам тээврийн ослын хэргийн харьяаллыг Улсын Ерөнхий прокурорын газраас өөрчлөн тогтоож  ирүүлснийг хүлээн авч, хяналт тавин, шийдвэрлэж  ажилладгийн хувьд  энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсаар байгаа  статистик дүн мэдээнд дүгнэлт хийж,  иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шуурхай, бүрэн  шалгуулах үүднээс хэргийн газрын үзлэгийг чанартай хийх,  мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу цуглуулж бэхжүүлэх, зам тээврийн осол гарахад нөлөөлж байгаа  хүчин зүйлсийг бууруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна.  Сургалтаар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал, шүүхээр шийдвэрлэж байгаа практик,  авто техникийн шинжилгээнд тулгамдаж байгаа асуудал болон хэргийн газарт үзлэг хийж мөр, нотлох баримт илрүүлж, бэхжүүлж, бүрдүүлэхэд анхаарах асуудал, шинжээчид тавих асуултууд, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, зам орчны байдал  зам тээврийн осол гарахад  хэрхэн нөлөөлөх талаар хичээл зааж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэрэгжих Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн талаарх танилцуулгыг хүргэх юм. Энэхүү сургалтыг 2018 онд  12 аймагт, харин 2019 онд бусад аймаг, зарим сумдад прокурор, цагдаа, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч нарыг хамруулан  хийхээр төлөвлөөд байна. ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.