БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭГДСЭН БОЛОН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДАЛЖЭЭ

A- A A+
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭГДСЭН БОЛОН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДАЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн болон Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасагт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хэрэг бүртгэлийн хэрэг хаасан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, шүүхэд шилжүүлсэн  эрүүгийн хэргийн хүрээнд судалжээ.

2018 оны 01 дугаар сарын 01-нээс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 1713 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 129 буюу 7.5 хувь нь Бага насны хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг байх ба үүний 23 буюу 17.8 хувь нь бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн, 106 буюу 82.1 хувь гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэргүүд байсан байна. Эдгээр хэргийг хохирогчийн тоогоор авч үзвэл нийт 128 хүн,  хүйсийн байдлаар авч үзвэл 38 буюу 29.4 хувь нь эрэгтэй, 90 буюу 69.7 хувь нь эмэгтэй, хэргийн ангилалаар нь авч үзвэл 50 буюу 38.8 хувь нь хүнд, 79 буюу 61.2 хувь нь хөнгөн гэмт хэргүүд байна.    Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан дээрх 71 хүний 30 буюу 42.2 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, 1 буюу 1.4 хувь нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн ба эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан этгээдийн хохирогчтой хамаарал бүхий байдлыг судалж үзэхэд 62 буюу 87.3  хувь нь хохирогчтай хамаарал бүхий харилцаатай,  9 буюу 12.6 хувь нь хохирогчтой хамааралгүй этгээд байна. Судалгаанаас дүгнэж үзвэл нийт 129 гэмт хэргийн 60-аас дээш хувь нь гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг, 16-аас дээш хувь нь  бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  байх ба нийт хэргийн 70-аас дээш хувь нь ахуй хүрээнд үйлдэгджээ.  Харин Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртсөн хохирогчийн дийлэнх /14 буюу 76 хувь/ нь бага насны болон арван зургаан насанд хүрээгүй хүүхэд,  байгаагийн 6 нь хойт эцэгтээ хүчирхийлүүлсэн бол нийт 9 хүүхэд өөрийн төрсөн ээж, аав, хойт эцэг, ахдаа зодуулж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна.