Дорнод аймгийн прокурорын газар 2018 оны 09 сарын 30-ний өдрийн байдлаар анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг хяналтын ажлын чанар, үр дүн, үр нөлөөг сайжруулах судалгааг хийв.
Судалгааг хийхдээ эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг эрүүгийн хэргийн төрөл, ангилал, гэмт хэрэг үйлдэгдсэн орон нутгийн сум, баг тус бүрээр нь нарийвчлан гаргах, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хохирол, гэмтлийн байдал, гэмт хэрэг үйлдсэн субъектын хувийн байдлын талаар нийт 16 үзүүлэлтээр гаргаж ажилласан байна.
Аймаг, орон нутгийн хэмжээнд 2018 оны 3 дугаар улирлын байдлаар анхан шатны шүүхээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” 105, “бусдын эд хөрөнгийг хулгайлах” 38, “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” 34, ““хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мал хулгайлах” тус бүр 13, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” 12, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” 10, “хүчиндэх” 7, “хүнийг алах”, “дээрэмдэх”, “хөрөнгө завших” тус бүр 6, “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх”, “улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, “залилах”, тус бүр 5, “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” “эд хөрөнгө устгах, гэмтээх” тус бүр 4, “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” 2, “хүүхдийг хаях, төөрүүлэх”, “16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох”, “битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх”, “хууль сахиулагчийг эсэргүүцэх”, “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх”, хууль сахиулагчийг эсэргүүцэх”, “худал мэдүүлэг өгөх”, “хээл хахууль өгөх, авах” гэмт хэрэг тус бүр 1, нийт 283 эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэн байна.
Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь буюу сум, баг тус бүрээр нь судалгааг гаргахад Дорнод аймгийн Баян-уул суманд 20, Булган суманд 15, Цагаан-овоо, Дашбалбар суманд тус бүр 11, Чойбалсан суманд 9, Матад суманд 8, Баянтүмэн суманд 7, Халхгол, Хөлөнбуйр суманд тус бүр 6, Сэргэлэн суманд 5, Баяндун, Гурванзагал суманд тус бүр 3, нийт сумдад 112, аймгийн төв буюу Хэрлэн суманд нийт 171, үүнээс VI багт 50, I багт 27, Х багт 22, II, VII багт тус бүр 15, IX багт 13, IV багт 12, III багт 9, VIII багт 7, V баг 1 гэмт хэрэг гарч шүүхээр эцэслэн шийдвэрлэгджээ.
Эдгээр эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдэж, шүүхээр шийдвэрлэсэн байдлыг судлахад гэмт хэргийн улмаас 669.484.426 төгрөгийн хохирол учирч, хүний биед учирсан гэмтлийн хувьд 126 хүнд хөнгөн хохирол, 33 хүнд хүндэвтэр хохирол, 13 хүнд хүнд хохирол учирч, 21 хүний амь нас хохирсон байх ба гэмт хэрэг үйлдэгдсэн газрын хувьд гэрт буюу ахуйн хүрээнд 89 удаа, гудамж талбайд 73, хөдөө хээр 40, нийтийн замд 34, албан газар, ажлын байранд 12, байрны орц хонгилд 5 гэмт хэрэг гарсан ба гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны тухайд өдрийн цагаар 205, шөнийн цагаар 78 удаа гэмт хэрэг үйлдэгджээ.
Гэмт хэрэг үйлдсэн субъектын хувийн байдлыг судлахад насны хувьд 16-18 насны 10, 18-29 насны 108, 30-40 насны 143, 41-50 насны 44, 51-60 насны 34, 61-ээс дээш насны 3, хүйсийн хувьд эрэгтэй 306, эмэгтэй 36 хүн, нийт 342 хүн эрүүгийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээр гэм буруутайг нь хэлэлцэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэгдсэн байна.
Мэргэжил, боловсролын тухайд огт боловсролгүй 39, бага боловсролтой 40, бүрэн бус дунд боловсролтой 82, бүрэн дунд боловсролтой 121, тусгай дунд боловсролтой 19, дээд боловсролтой 41, ажил, сургуульд хамрагдсан байдлын хувьд ажилтай 95, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 16, оюутан 6, сурагч 2, яиар нэгэн ажил, сургуульгүй 223 хүн ял шийтгэгдсэн байна.
Дээрх ял шийтгэгдсэн хүмүүсээс 58 буюу 17.0 хувь нь 1 удаа, 18 буюу 5.2 хувь нь 2 удаа, 13 буюу 3.8 хувь нь 3 удаа, 9 буюу 2.6 хувь нь 4 удаа, 4 буюу 1.1 хувь нь 5 удаа, нийт 102 буюу 30.0 хувь нь өмнө нь ял шийтгүүлсэн, харин 240 буюу 70.0 хувь нь ял шийтгүүлээгүй байна.
Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг судлахад ихэвчлэн 139 буюу 40.6 хувьд торгох, 77 буюу 22.5 хувьд хорих ялыг, 2 хүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх, 2 хүнд хорих ялыг хойшлуулах, 35 буюу 10.2 хувьд нийтэд тустай ажил хийлгэх, 77 буюу 22.5 хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, 3 хүнд эмнэлгийн чанартай арга хэмжээ хэрэглэхгүйгээр, сэтгэцийн улмаас хэрэг хүлээх чадваргүй үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр 3 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 4 хүнийг үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож, нийт шүүгдэгчдээс 22 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 13 хүнд тодорхой албан тушаал эрхлэх, буюу нийтийн албан ажиллах эрхийг хасан, 72 буюу 21.0 хувьд нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, 18 хүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах, 2 хүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах, 1 хүнд хөрөнгө орлого хураах зэрэг албадлагын арга хэмжээ хэрэглэх, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэжээ.
Судалгааны дүнгээс үзэхэд шүүхээр шийдвэрлэсэн хэргийг нутаг, дэвсгэрийн харъяаллаар ангилахад сумдаас Баян-уул, Булган, Цагаан-овоо, Дашбалбар сумдад 11-20 удаа, багуудаас Хэрлэн сумын 6 дугаар багт хамгийн их буюу 50 удаа буюу 29.2 хувь, 1 дүгээр багт 27 удаа буюу 15.7 хувьд нь гарч, гэмт хэрэг үйлдэгдсэн, цаг хугацааны хувьд өдрийн цагаар 205 удаа гэмт хэрэг гарч, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, байршлын хувьд ахуйн хүрээнд буюу гэрт, гудамж талбайд 73-89 удаа, 85 удаа согтуугаар, 14 удаа бүлэглэсэн, насны хувьд 18-40 насны 251 хүн буюу 73.3 хувь, ихэвчлэн залуу хүмүүс эрүүгийн гэмт хэргийг үйлдэж, үүнээс 102 буюу 30.0 хувь нь өмнө нь 1-5 удаа ял шийтгүүлсэн, 121 бүрэн дунд боловсролтой, ихэвчлэн эрэгтэй хүмүүс гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас 126 хүний бие махбодид хөнгөн хохирол учирч, 21 хүний амь нас хохирсон ба 34 удаагийн хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас 13 хүн нас барж, 10 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг гарч, хүчиндэх 7 гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй 2 хүүхэд хойд эцэг, ойр дотны хүмүүсийн буруутай үйлдлээс болж, жирэмсэн болсон, гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад 669.484.426 төгрөгийн хохирол учирчээ.
Түүнчлэн орон нутагт байгалийн ховор ургамал дэрэвгэр, жиргэрүү өвсний үндсийг зохих зөвшөөрөлгүй түүсэн, хадгалсан, тээвэрлэсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан гэмт хэргүүд шинээр үйлдэгдсэн мөн гадаадын иргэдийг дээрэмдэх, мөнгө нэхэмжилж, хүнийг барьцаалсан, уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор онц харгис хэрцгий аргаар бүлэглэж алсан, бага насны хүүхдийг хүчиндэж жирэмсэн болгосон, өс хонзонгийн сэдэлтээр бага насны хүүхдийг захиалгаар амь насыг нь хохироосон зэрэг онц ноцтой, хүнд гэмт хэргүүд гарч, хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн байна.
Шүүхээр шийдвэрлэсэн нийт гэмт хэргээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг хамгийн их 97 буюу 34.2 хувь, “хулгайлах” гэмт хэрэг 51 буюу 18.0 хувь, үүнээс малын хулгайн гэмт хэрэг 13 буюу 25.4 хувийг эзэлж байна. Анхан шатны шүүхээс ихэвчлэн 139 шүүгдэгч буюу 40.6 хувьд нь 450.0-10000.0 төгрөгөөр торгох ялыг, 77 буюу 22.5 хувьд хорих, 77 буюу 22.5 хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Дээрх гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нь архидалт, ажилгүйдэлтэй холбоотой, ихэвчлэн эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй, иргэдийн эрх зүйн ухамсар, соёл төлөвшөөгүй, харилцааны ур чадваргүй, бусдыг хүндлэхгүй, сэтгэлгээ, харилцааны зөрчилтэй хүмүүс үйлдсэн зэргээс дүгнэхэд хувь хүний онцлог, мэдлэг боловсролын түвшинтэй холбоотой, үүнээс гадна бага насны хүүхэд хохирч байгаа нь эцэг эхийн таарамжгүй харилцаа, гэр бүлийн тогтворгүй байдал буюу эцэг эх нь салсан, хойд эцэг, эх, ах, эгчтэйгээ хамт амьдардаг, эсхүл эцэг, эх нь архины хамааралтай болсон, эрсдэлтэй гэр бүлд амьдарч байгаа гаж буруу, зан үйл зэрэг хүчин зүйл нөлөөлж, гэмт хэрэг гарсан байна.
Цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн явцад хүүхдийн эрх ашиг хөндөгдөх, тэдгээрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдгээр хэрэг нь далд хэлбэрээр үйлдэгддэг тул холбогдох багийн цагдаагийн хэсгийн байцаагч нар хамтарсан багийн гишүүдтэй хамтран ажиллах, гэр бүлийн хүчирхийллийн хэргүүд дээр эрсдлийн үнэлгээ тогтоолгон, хүчирхийлэлд өртөж болзошгүй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллах шаардлага зүй ёсоор гарч байна. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба