ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Төв Аймгийн прокурорын газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,  403, 417 дугаар нээлттэй хорих анги,  415 дугаар хаалттай хорих ангийн хэмжээнд хамтарсан зөвлөгөөнийг   2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баян сум дахь 415 дугаар хаалттай хорих ангид хийсэн байна.            Зөвлөгөөнд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга дэд хурандаа С.Өлзийбат,403 дугаар нээлттэй хорих ангийн дарга дэд хурандаа Б.Юмчинбагана, 417 дугаар нээлттэй хорих ангийн дарга хурандаа Ч.Энхбаатар,  415 дугаар хаалттай  хорих ангийн дарга хошууч Г.Амгаланбаатар болон дээрхи хорих ангиудын нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчид, тоо бүртгэлийн ажилтнууд оролцжээ.

            Зөвлөгөөнөөр 415 дугаар хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан ахлах дэслэгч Ч.Дашням “415 дугаар хаалттай хорих ангиас хоригдлын дунд явуулж байгаа нийгмийн болон сэтгэл зүйн үйлчилгээ, түүний онцлог, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. 

Зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Нийгэм сэтгэл зүйн хэлтсийн дарга хурандаа Ч.Оюунцэцэг, тус албаны мэргэжилтэн Ө.Саруултуяа нар оролцож “Нийгэм сэтгэл зүйн хэлтсээс хоригдлыг нийгэмшүүлэх  талаар хийж буй ажлууд, анхаарах асуудал, цаашдын зорилтын тухай” сургалт явуулав. Төв аймгийн прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Аварзэд “Хорих ангийн дарга нараас хорих ял эдлүүлэх чиглэлээр гаргасан тушаалуудын хууль зүйн үндэслэлийг шалгасан дүн анхаарах асуудал”, тус Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Алимаа “Хорих ангийн дарга нараас хоригдлыг хугацааны өмнө суллаж хяналт тогтоох талаар санал гаргахад анхаарах асуудал” сэдвээр яриа хийж үүрэг даалгавар өгсөн байна.Зөвлөгөөнд оролцогчид 415 дугаар хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж,  харилцан туршлага солилцжээ.