Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын 4 дүгээр улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сум дундын Ерөнхий прокуророор батлуулсан удирдамжийн хүрээнд тус сумын төрийн байгууллагуудын дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль” “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” болон бусад хууль, тогтоомжийг сурталчилах, хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бүтээлч санал гаргах, тус хуулиудын хэрэгжилтийг орон нутагт нэг мөр хангуулах, төрийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, тэдний хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Дэвжээ” тэмцээнийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган суманд зохион байгуулжээ. Уг тэмцээнд тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Булган сум дахь Сум дундын нэгдсэн эмнэлэг, Булган сум дахь нэгдүгээр бүрэн дунд сургууль, “Сарнай” цэцэрлэг, “Нарлагхан” цэцэрлэг, Булган сумын ЗДТГ, Агаарын довтолгооноос хамгаалах 305 дугаар анги зэрэг төрийн 6 байгууллага оролцжээ. Тэмцээний 1 дүгээр байранд “Нарлагхан” цэцэрлэгийн хамт олон, 2 дугаар байранд “Булган сумын Нэгдсэн эмнэлэг”-ийн хамт олон, 3 дугаар байранд “Булган сумын нэгдүгээр бүрэн дунд сургууль” тус тус шалгарсан байна.
Тэмцээний үеэр ирсэн 250 гаруй ард иргэдэд “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль”, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон” зарласантай холбоотойгоор “Авлигын үндэсний хөтөлбөрийн хүрээнд ”“Авлигын эсрэг хууль”, “Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль”, авлигын, болон бусад гэмт хэргийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад хэрхэн мэдээллэх талаарх агуулгыг багтаасан гарын авлага, боршурыг тараан, 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шинэлэг зохицуулалтын талаархи мэдээлэл хүргэсэн нь сумын гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын талаар үр дүнтэй томоохон ажил боллоо. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба