ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн 100 жилийн ой энэ онд тохиож буй. Манай улсын олон мянган боловсон хүчинг бэлтгэсэн сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан , Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд одон Д.Сүхбаатарын одонгоор шагналаа. Эрхүү хотын Улсын их сургууль нь жанжин Д.Сүхбаатарын одонгоор шагнагдсан ОХУ-ын 3 дахь их сургууль болжээ. Өмнө нь Москва хотын М.В.Ломоносовын нэрэмжит Улсын их сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн академи энэ нэр төртэй шагналыг хүртэж байжээ.
Ойн баярын арга хэмжээний үеээр тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр төгссөн сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж явааг нь үнэлэн БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаа, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Ж.Энхнасан , МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Орос хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэмаам нарт "Хүндэт профессор" цол олгожээ.
Ахмад прокурор Ж.Энхнасан нь Эрхүүгийн их сургуулийн Хуулийн факультетийн төгсөгч бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Тагнуулын Ерөнхий газрын дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан манай нэр хүндтэй хуульч юм. Тэрээр одоо МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитрын арбитрчаар ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба