2018 онд тус дүүргийн хэмжээнд 1685 гэмт хэрэг үйлдэгдсэний 485 буюу 28.6 хувийг хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд 2016 онд 409, 2017 онд 327, 2018 онд 485 гэмт хэрэг бүртгэгдэж энэ төрлийн гэмт хэрэг өмнөх онуудаас өссөн статистик тоон үзүүлэлттэй байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчоор хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн гишүүд бүртгэгдэж гэмт хэргийг үйлдэгч нь 30-45 насны хүмүүс, хэргийн гаралт шөнийн 00:00-06:00 цагийн хооронд үйлдэгдэж байгаа нь хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн байгаа бөгөөд хэрэг гарахад гол нөлөөлж буй хүчин зүйл нь архидалт хэмээн хэлэлцүүлэгт оролцогч мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжтэй хамтран энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулж ажиллахад онцгой анхаарч ажиллахын ИТХ-ын дарга хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. 2018 онд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-ХАМТДАА ШИЙДЬЕ”, “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА ШИЙДЬЕ”, зөвлөгөөнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан, прокурорын газраас санаачлан “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх-ХАМТДАА ХАМГААЛЬЯ” зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөмж гарган иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэдээлэл хүргэн, тэдний санал, санаачлалыг сонсож, аливаа төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаж нийт төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжид зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллахыг уриалсан байна. ХАН –УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба