2018 оны 10 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг байлдааны онгоц унаж шатсан тухай олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэгдсэн мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газрын зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд бүртгүүлж, эрх бүхий албан тушаалтан холбогдох шалгалтыг явууллаа. Алтанбулаг сумын иргэд ОХУ-ын Буриад, Хиагт орчмын район руу машины шинэ дугуй хилээр гаргаж худалдан оронд нь хуучирч муудсан дугуйг машиндаа тавьж буцаж оруулж ирдэг, явдал сүүлийн жилүүдэд ихэссэнээс тус сумын нутагт их хэмжээний хог болон үлддэг болжээ. Байлдааны онгоц шатсан гэх мэдээлэл гарсан нь энэ хуучин дугуй шатаасантай холбоотойгоор гарсан байх бөгөөд шалгалтаар тус суманд барилгын ажил гүйцэтгэж байсан иргэн О.Г нь өөрийн гар утсаар “Байлдааны онгоц уналаа” гэх 19 секундийн бичлэг хийн улмаар нүүр номын найз руугаа цахим сүлжээгээр тараасан болох нь тогтоогджээ. Уг зөрчлийн талаарх гомдол мэдээллийг тус прокурорын газраас их хэмжээгээр хураагдсан хаягдал хуучин дугуйнуудыг шатаах явцад Хог хаягдлын тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газарт албан бичгийг хүргүүлж шалгуулж байна. Мөн Алтанбулаг сумын Засаг даргад зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна. Иймд иргэд баталгаагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараахгүй байх, төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, хуулийг хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааруулж байна. СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба