Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дүүргийнхээ Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг оролцуулан “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах, журмын эсрэг зөрчил”, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэх” нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Хэлэлцүүлэгт Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажилгаанд хяналт тавих хэлтэс, Нийслэл, дүүргийн прокурорын газруудын төлөөлөл оролцож мэдээлэл хийн, харилцан санал солилцсон нь харилцан туршлага судалсан нь үр дүнтэй ажил болжээ.
Хэлэлцүүлгээр тус дүүргийн прокурорын газар “Хүрээлэн байгаа орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах ажил, үйлдвэр, үйл ажиллагааг түр зогсоох” чиглэлээр хийсэн ажлын талаар танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцжээ.
Мөн 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд дээрх гэмт хэрэг, зөрчил, хэргийн гаралт, шийдвэрлэлтийг судалсан судалгааны дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, байгаль орчин,амьтан, ургамлыг хамгаалах, журмын эсрэг зөрчил, хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчлүүд, дээрх зөрчлүүдээс урьдчилан сэргийлж, харъяа нутаг дэвсгэртээ авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийгдсэн байна.
Хэлэлцүүлэгт оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс гаргасан санал, хүсэлтийн дагуу дулааны 4 дүгээр цахилгаан станцын замын урд ачааны машинаар барилгын хог хаягдал асгаж байгааг Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтарч таслан зогсоох арга хэмжээ авах, биелэлтэд нь прокурор хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэв.
Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бидний хэлж заншсанаар Гурвалжингийн гүүрний орчим зохих байгууллагын зөвшөөрөлгүй барилгын ил задгай худалдаа эрхэлж буй иргэд тэр дундаа цемент савлан зарж, ойр орчмынхоо агаарт тоос, тоосонцор, бохирдол ихээр бий болгож буй иргэдийг Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор болон эрх бүхий байгууллагуудтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ойр орчмын аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор тодорхой арга хэмжээ зохион байгуулж цэгцлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.
Хэлэлцүүлгээс “ЦЭВЭР, ТОХИЛОГ, ЭРҮҮЛ, ТААЛАМЖТАЙ ОРЧНОО БИД ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭН БИЙ БОЛГОЦООЁ” гэсэн уриалга гаргаснаас гадна дүүргийнхээ аж ахуйн нэгж байгууллагад “Зөвлөмж” гаргаж хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба