Баянгол дүүргийн прокурорын газраас “Залилах, цахим, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, хар тамхитай холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монголын үндэсний их сургуулийн багш, ажилтан, оюутнуудын дунд 2 удаа зохион байгууллаа. Сургалтыг Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Мөнхжаргал нээж, тус дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн ба хяналтын прокурор Б.Бямбадагва “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, хяналтын прокурор Б.Батнасан “Цахим гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөл”, хяналтын прокурор Г.Ганхөлөг “Залилах гэмт хэргийн төрөл, анхаарах асуудал”, ахлах прокурор Д.Энхбаяр “Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх нь” гэсэн сэдвүүдээр тус тус сургалт орсон. Мөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг төлөөлөн ажлын албаны ажилтан Д.Батболд, дүүргийн Тээврийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Отгонтамир нар оролцож мэдээлэл хийсэн.
Монголын үндэсний их сургууль нь нийт 13000 гаруй оюутантай бөгөөд тус сургуулийн салбар 10 дээд сургуулийн төлөөлөл болох 350 гаруй багш, ажилтан, оюутнууд сургалтанд оролцож холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл авсан. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба