Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн нэгдсэн удирдамжийн дагуу прокурор, туслах ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан ур чадвараасаа суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явагддаг “Прокурор-2018”, “Туслах ажилтан-2018” мэргэжлийн уралдааныг дотооддоо амжилттай зохион байгууллаа.
Мэргэжлийн уралдааныг харьяа прокуроруудын эрх зүйн мэдлэгийг 100 асуулт бүхий сонжуураар шалгах, тодорхой сэдвүүдийн хүрээнд эссэх бичүүлэх, гэмт хэргийн зүйлчлэл, эрүүгийн болон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр бодлого бодуулах, шүүхийн шийдвэр, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас явуулсан хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа, хорих байгууллагын удирдлагаас гаргасан шийдвэртэй танилцаж, хууль зүйн дүгнэлт хийлгэн, шийдвэр гаргах ур чадварыг сорих, прокурорын эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах, шүүх хуралдааны явцад мэтгэлцэх, илтгэх ур чадварыг сорих, компьютерын хэрэглээний программ, цахим бүртгэл дээр ажиллах чадварыг шалгах зэрэг нийт 7 төрлөөр явуулжээ.
Тэмцээний дүнг нэгтгэн дүгнэхэд, Тэргүүн байранд нийлбэр 222 оноогоор тус прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Уртнасан, удаахад нийт 221 оноогоор Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан хяналтын прокурор Т.Оргил-Очир нар;
Мөн прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнуудын эрх зүйн мэдлэгийг 150 асуулт бүхий сонжуураар шалгах, тодорхой сэдвүүдийн хүрээнд эссэ бичүүлж тайлбарлуулан, илтгэх ур чадвар, сэтгэн бодох чадварыг сорих, прокурорын эрх зүйн хэлбэрт хууль зүйн дүгнэлт хийлгэн тайлбаруулах, компьютерын хэрэглээний программ, цахим бүртгэл дээр ажиллах чадварыг шалгах зэрэг 5 төрлөөр шалгалтыг авч дүгнэхэд, нийлбэр 145 оноогоор Тэргүүн байранд захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Ц.Ганцэцэг, Дэд байранд 141 оноогоор туслах ажилтан Э.Билгүүн нар тус тус шалгарсан байна.
Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай “Прокурор-2018”, “Туслах ажилтан-2018” мэргэжлийн уралдааны дүнг нийт прокурор, ажилтнуудад танилцуулан, бусдыгаа хошуучлан Тэргүүн болон Дэд байранд шалгарсан прокурор, ажилтнуудад хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл гардуулан, цаашдын хоёрдугаар шатны мэргэжлийн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн ерөөжээ. Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба