2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн I, II хэлтэс хууль хяналтын байгууллагуудтай хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн гол зорилго энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн зөвлөмж гарган хэрэгжүүлэхэд чиглэгдлээ. Хэлэлцүүлэгт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат, ЦЕГ-ын болон Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Шүүхийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн хороодын засаг дарга , нийгмийн ажилтнууд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Хэлэлцүүлэгийн үеэр тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа С.Хүрэлбаатар “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх арга зам”, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид ял оногдуулах ажиллагаа, хохирогчийн дүр төрх”, хяналтын прокурор Н.Пүрэвтогтох “Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх арга зам”, Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга ..Алтантуяа “Хяналт шалгалтын үед илэрсэн гэмт хэргийн шинтэй зөрчлүүд “, Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан “Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх арга зам”, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч ,цагдаагийн ахмад Г.Энхбаатар “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд шүүх эмнэлгийн оролцоо” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ. 2018 онд тус дүүргийн хэмжээнд 1685 гэмт хэрэг үйлдсэгдсэний 485 буюу 28.6 хувийг хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд 2016 онд 409, 2017 онд 327, 2018 онд 485 гэмт хэрэг бүртгэгдэж энэ төрлийн гэмт хэрэг өмнөх онуудаас өсссөн статистик тоон үзүүлэлттэй байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчоор хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн гишүүд бүртгэгдэж гэмт хэргийг үйлдэгч нь 30-45 насны хүмүүс, хэргийн гаралт шөнийн 00:00-06:00 цагийн хооронд үйлдэгдэж байгаа нь хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн байгаа бөгөөд хэрэг гарахад гол нөлөөлж буй хүчин зүйл нь архидалт хэмээн хэлэлцүүлэгт оролцогч мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжтэй хамтран энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулж ажиллахад онцгой анхаарч ажиллахын ИТХ-ын дарга хэлэлцүүлгийн үеэр онцлож байв.
2018 онд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-ХАМТДАА ШИЙДЬЕ”, “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА ШИЙДЬЕ”, зөвлөгөөнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан, прокурорын газраас санаачлан “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх-ХАМТДАА ХАМГААЛЬЯ” зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөмж гарган иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэдээлэл хүргэн, тэдний санал, санаачлагыг сонсож, аливаа төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба зөвлөөгөнөөс зөвлөмж гаргаж нийт төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжид зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллахыг уриалсан байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба