Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байгаа ялтан Э,Ш, Х нарын 3 хүний ажлын байрыг газар нь очиж шалгажээ.Ялтнууд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Нийтийн аж ахуй үйлдвэрийн орон нутгийн өмчит” ХХК-д гудамжны гэрэлтүүлгийн шонгийн нүх ухах, уурын зуухны нүүрс зөөх ажлыг хийж байгаа ажээ. Ялтан Х нь өсвөр насны хүүхэд тул Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д заасны дагуу 9 цагаас 12 цагийн хооронд өдрийн 3 цагаар ялаа эдэлж Замын-Үүд сумын “Нийтийн аж ахуй үйлдвэрийн орон нутгийн өмчит” ХХК -д ажиллаж байна. Замын-Үүд сумын “Нийтийн аж ахуй үйлдвэрийн орон нутгийн өмчит” ХХК нь ялтнуудын ажлыг цагийг бүртгэж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилд гарах бүрт нь өгч гарын үсэг зуруулж, ажлын тусгай хувцас болох бээлий, хантааз, амны хаалт зэрэг, мөн хөдөлмөрийн багаж хэрэгслээр тус тус хангасан байна. Хяналтын прокурор Э.Болор нь ялтнуудад ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мөн ял эдлүүлэх нийт хугацаанд 3 цагаас илүү хугацаагаар ажлаа дур мэдэн орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд ирсэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, журам зөрчсөн, ажил олгогчоос тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, мөн хуурамчаар өвдсөн, хуурамч эмнэлгийн магадалгаа, чөлөөний баримт бүрдүүлсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих зэрэг хууль журмын талаар сануулж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба