Дорноговь аймгийн хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөгөөн “Насанд хүрээгүй хүнийг хүчирхийлэх гэмт хэрэгтэй тэмцэхэд мэргэжлийн байгууллагуудын оролцоо” сэдвээр 2018 оны 11 сарын 27-ны өдөр болов. Зөвлөгөөнд аймгийн прокурорын газраас “Авилга, албан тушаал, мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалах нь” сэдвээр мэдээлэл хийж хэлэлцүүлжээ.
Мөн Аймгийн Цагдаагийн газраас “Хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт, шалтгаан нөхцөл”, аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас “Насанд хүрээгүй хүнд хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Насанд хүрээгүй буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоон судалгаа, мэдээлэл”, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл ба өнөөгийн байдал” сэдвүүдээр мэдээлэл хийж цаашид хүүхдийг хүчирхийллээс хэрхэн хамгаалах, хуулийн байгууллагын ажилтнаас зохион байгуулах ажлын талаар санал солилцсон байна.
Тус аймагт 2018 оны 10 сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 45, бэлгийн холбогдолтой үзлэг 17, шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ 8 хийгдсэн ба бага насны хүүхэд хохирсон гэмт хэрэг 38, албан тушаалын гэмт хэрэг 12, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 10, хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 36 үйлдэгдсэн байна.
Мөн зөвлөгөөний төгсгөлд Дорноговв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, сургагч багш Х.Ганболд “Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг болон зөрчлийг шалгахад анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Зөвлөгөөн сургалтанд 50 гаруй албан хаагч оролцлоо. Дорноговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба