Улсын Ерөнхий прокурорын газар нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Европын Холбооны Монгол Улсад хүний эрхийн хэрэгжилтийг дэмжих төсөлтэй хамтран “Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо,өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурлыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулав. Уг хурал нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаан дахь хүүхдийн эрхийн тулгамдсан асуудал”, “Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо-олон улсын стандарт”, “Өсвөр насны хүүхдийн гэмт хэргийн асуудал-ялын бодлого” гэсэн гурван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Хэлэлцүүлэгт Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Отгонбаяр “Урьдчилан хорих байрны нөхцөл: хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хяналт, хариуцлагын тогтолцоо” сэдвээр, Сургалт, судалгааны төвийн судлаач, хяналтын прокурор Г.Оюунболд “Өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сорилт, бэрхшээл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн байна. Бага хурал НҮБ-ын гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, тэдний дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай бодлого, арга хэмжээний талаар оролцогчид ойлголтоо нэгтгэж, холбогдох чиглэлээр тодорхой ахиц гарахад энэхүү хурлын ач холбогдол оршиж буй юм. Тус хуралд Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хууль сахиулахын их сургууль болон Засгийн газар, иргэний нийгэм, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба