Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл”, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвтэй хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар сургалт зохион байгуулахад анхаарах асуудал, сурган заах арга зүйн онцлог, олон улсын туршлага” сэдэвт сургагч багш бэлтгэх богино хугацааны курсыг 2018 оны 11-р сарын 19-23-ны өдрүүдэд Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвд зохион байгууллаа.
Тус сургалтад Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар , Мэргэжлийн хяналтын ерөнхий газар , Хил хамгаалах ерөнхий газар, Байгаль орчин аялал, жуулчлалын яам , Хууль Сахиулахын Их Сургууль , Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрэг байгууллагуудын албан хаагч, төлөөлөгчид оролцлоо.
Хууль сахиулах байгууллагын албан хаагчид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх сургалтыг тухайн орчин нөхцөлд нь тохируулан зохион байгуулах, сургалтад орчин үеийн дэвшилтэд техник хэрэгсэл болон сурган заах арга зүйн үр дүнтэй, онцлог арга хэлбрүүдийг хослуулж, энэ чиглэлийн сургалтыг хөтлөн явуулах заах арга зүйн мэдлэг, чадварыг сайжруулах, олон улсын сайн туршлагаас суралцаж байгаа бөгөөд түүнчлэн энэ сургалтаар бэлтгэгдэж байгаа сургагч багш нар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бууруулах талаар өөр өөрсдийн чиглэлийн байгууллагуудад дараагийн шатны сургалтуудыг зохион байгуулан явуулж, энэ талын гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэх юм. Тус богино хугацааны курсээр суралцагчид тухайн хичээлийнхээ агуулга, төлөвлөгөөг боловсруулах, сурган заах арга зүйн олон хэлбэр, аргыг хэрэглэж сурах бөгөөд тухайн сургалтын хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах материалуудыг бэлтгэх, хэлэлцүүлэг, дадлага ажлыг зохион байгуулах арга, хэлбэр, олон улсын сайн туршлагаас суралцах зэрэг сэдвүүдээр сургалт авчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба