Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний Өвлийн тэргүүн сарын билэгт сайн өдөр Прокурорын байгууллагын ахмад прокурор, Их засаг Олон улсын их сургуулийн Захиргаа, хүний нөөц, дотоод хяналт эрхэлсэн захирал, дэд профессор Сүрэнгийн Дамчаасүрэнг урьж, уулзалтын арга хэмжээг зохион байгууллаа.
С.Дамчаасүрэн нь Прокурорын байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа хэсгийн прокуророос эхлээд аймгийн прокурорын орлогч, Нийслэлийн прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор зэрэг бүхий л шатыг дамжин ажиллаж, 2008 онд гавьяаныхаа амралтанд гарчээ.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай уулзалтыг нээж, хэлсэн үгэндээ “..Прокурорын байгууллагын хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулж энэ байгууллагын төлөө өөрийн мэдлэг боловсрол, оюун ухааныг харамгүй зориулж ажилласан, прокурорын хяналтын ажлын арвин их туршлагатай, хойч үеийнхэн бидэндээ үлгэр дууриалал болсон таниар бид байнга бахархаж, суралцсаар ирсэн. Өнөөдөр ч гэсэн таны үнэтэй зөвлөгөө, зөвлөмжийг сонсохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна..” гэсэн байна.
Уулзалтын үеэр ахмад прокурор С.Дамчаасүрэн “..1998 онд Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаярын тушаалаар Нийслэлийн прокурорын орлогчоор томилогдож, хотод орж ирсэн. Тухайн үед орлогч мөрдөн хяналтаа шууд хариуцдаг байсан. Улсын хэмжээний бараг бүх онц хүнд хэргүүд манайд харьяалал тогтоогдон ирдэг байсан. Аймаг орон нутагт шийдэж чадахгүй болсон хэргүүдийг шийддэг байлаа. Хэргийн 60 хувь нь залилангийн хэргүүд байсан. 130-д хавтастай залилангийн хэрэг хүртэл байлаа. Болохгүй болсон хэргүүдийг прокурорууд маань итгэл алдахгүй цааш нь явуулж чаддаг байсан. Зарим онц хүнд хэргүүд дээр прокурор шүүх хурлын өмнө ялын саналаа солилцохоор орж ирнэ. Миний барьдаг ганц зарчим бол прокурор өөрийн дотоод итгэл үнэмшилдээ л тулгуурла л гэдэг байлаа. Прокурор бие дааж шийдвэр гаргах гэдэг бол маш чухал зүйл шүү дээ. Хэргийг хянасан прокуророос өөр ямар ч хүн тэр хэргийн нөхцөл байдлыг мэдэхгүй. Чадварлаг, зүтгэлтэй прокуроруудтай ажиллаж байсандаа одоог хүртэл дурсан талархаж явдаг даа..” хэмээн Прокурорын байгууллагад ажиллаж байсан түүхэн үеийнхээ дурсамжаас хуваалцлаа.
Мөн прокуроруудад хандаж “...Прокурор гэдэг бол нэр төртэй, маш хариуцлагатай албан тушаал юм. Нийгмийн хөгжил, цаг үеэ дагаад Прокурорын байгууллагын нийгмийн асуудал сайжирч, ажил үүргээ хэвийн явуулахад бүхий л нөхцөл боломжоор хангагдаж байгаад ахмад прокурорууд бид баяртай байдаг. Прокурор хүн хуулийн хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргахын зэрэгцээ аливаа асуудалд голч, шударга, үнэн сэтгэлээр хандаж, цаанаа хүний эрхийг хамгаалахад онцгой анхаарч ажиллах ёстой, ялангуяа энэ асуудалд манай шинэ залуу прокурорууд анхаарч ажиллаасай гэж хэлэх байна. Би Улс эх орондоо 40 гаран жил ажиллаж байгаагаас, 30 жилд нь прокурорын байгууллагад ажилласан байна. Энэ хугацаандаа хуулийн хүрээнд шударга ажилласан гэж бодохоор, сэтгэл амар, амгалан байдаг юм. Нийт прокурорууддаа хэлэхэд бидний дээр зөвхөн хууль байгаа гэдгийг бодож, шударга, үнэний төлөө ажиллахыг хүсье” хэмээн үнэтэй зөвлөгөө өгсөнийг прокурорууд талархаж хүлээн авлаа.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай ахмад прокурор С.Дамчаасүрэнд хүндэтгэл үзүүлэн цаашдынх нь амьдрал, ажил үйлсэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардуулан өгч, хамт олноороо дурсгалын зураг татуулснаар уулзалтын арга хэмжээ өндөрлөсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба