Прокурор болон прокурорын байгууллагын туслах ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд бусдаас суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор прокурор болон туслах ажилтнуудын дунд мэргэжлийн уралдааныг жил бүр 2 үе шаттайгаар зохион байгуулдаг. Эхний шатны уралдаан Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудад амжилттай зохион байгуулагдаж, орон нутгийн прокурорын газруудаас шалгарсан прокурор, туслах ажилтнууд хоёрдугаар шатны тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн билээ.
2018 оны тэргүүний прокурор, туслах ажилтнаа шалгаруулах мэргэжлийн уралдааны 2 дугаар шатны тэмцээн өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газар болон Нийслэлийн прокурорын газарт нэгэн зэрэг эхэллээ. Уралдааны нээлтийн ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, хэлтсийн дарга нар оролцсон бөгөөд Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай прокурор, ажилтан нарт уралдаандаа амжилттай оролцохыг хүсэж, үг хэллээ.
Уралдаанд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудаас шалгарсан 35 прокурор, 35 туслах ажилтан оролцож байгаа бөгөөд эрх зүйн мэдлэгийн тест бөглөх, өгөгдсөн сэдвээр эссэ бичиж , илтгэх ур чадвараа сорих, гэмт хэргийн зүйлчлэл, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавихтай холбоотой бодлого бодох, эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах, мэтгэлцэх ур чадвар , компьютерийн хэрэглээний программ, цахим бүртгэл дээр ажиллах ур чадвараа сорих зэрэг төрлүүдээр өрсөлдөж, 2018 оны тэргүүний прокурор, туслах ажилтнаа шалгаруулах юм. Мэргэжлийн уралдаан 12 сарын 3-наас 5-ны хооронд үргэлжилж , дүнгээ гаргах юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба