ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАВ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН  ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАВ

  Налайх, Багахангай дүүргийн ерөнхий прокурор, цагдаагийн хэлтсийн даргын хамтарсан тушаалаар томилогдсон ажлын хэсэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн хэрэгжилтийг Налайх, Багахангай дүүргүүдэд шалгалаа. Шалгалтанд Багахангай, Налайх дүүргүүдийн 9 хороо, 84 байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдлаа.  Шалгалтаар ихэнх байгууллага, аж ахуйн нэгжүүд нь дотооддоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх самбар, булан байршуулаагүй, байгууллагын ажилтнуудад энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг мэдээлж сурталчлаагүй байв. Мөн дээрх 2 дүүргийн хороод болон зарим байгууллага аж ахуйн нэгжүүд байгууллагын аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник хэрэгслийг байршуулсан боловч эдгээр нь цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/120 дугаар тушаалаар батлагдсан журмын 2.1-д заасан “Монгол Улсын Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, Ерөнхий шаардлага /MNS 6423:2013/, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.4-т заасан стандарт болон олон улсын IP67 стандарт”-ыг хангаагүй, прокурор, цагдаагийн байгууллагаас бичсэн мэдэгдлийн мөрөөр тодорхой ажил зохион байгуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Шалгалтын явцад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9-р зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи аж аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг үүрэг, тухайн хороо, байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах, цаашид энэ чиглэлээр юуг анхаарч ажиллах шаардлагатай талаар зөвлөмж өгч, холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулан, прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчиллаа. Энэхүү үйл ажиллагаанд шалгалтанд хамрагдсан 9 хороо, 84 байгууллага аж ахуйн нэгжийн 1000 орчим иргэд, албан хаагчид хамрагдсан байна. Тэрчлэн  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор шалгагдсан байгууллага, хороодод прокурорын мэдэгдэл хүргүүлж шалгалтын дүнг ажлын хэсгийг оролцуулан, дүүргийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэн шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, орон нутгийн хэмжээнд хийх боломжтой асуудлуудыг шийдвэрлүүлэх зорилгоор Дүүргийн ГХУСАЗЗөвлөлд танилцуулга хүргүүллээ. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас мэдээлэв.