Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай цаг үеийн асуудлаар сэтгүүлч Г.Улсболдтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт УИХ-ын зарим гишүүдийг шалгаж байгаа. Хэвлэлээр 3 хүний нэр бичигдсэн. Нөгөөдүүл нь "Бид холбоогүй" гэх юм. Яг хэн бэ?, хэдэн гишүүн бэ? гэдгийг нэг мөр мэдээлж болох уу?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “..хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа хэргийн төлөвлөлт, явц байдал, үр дүнгийн нууцлалыг хангана..” гэж хуульчилсан учраас нэр зааж, мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь бол энэ хэрэг шалгагдаж байгаа.
-АТГ-аас 3 гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн гэж мэдээлсэн, Тэгэхээр тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавьж таарах байх, тийм үү?
- АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс нэр бүхий УИХ-ын гурван гишүүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж прокурорт ирүүлсэн, үүнийг прокурор хянаж үзээд нэмэлт ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж үзээд буцаасан байгаа. Ажиллагаа дутуу тодруулах шаардлагатай зүйлүүд байсан. Ер нь бол хэрэг дээр зарим УИХ-ын гишүүдийн үйлдлүүдэд гэмт хэргийн шинжтэй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татвал зохих зүйл байгаа.
Одоо УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавих гэхээр, Засгийн газар чинь хуралдахгүй, ирц хүрэхгүй, Засгийн газрын гишүүнээ ч томилж чадахгүй байгаад байна шүү дээ? Харин Засгийн газар нь хуралдаад УИХ-ын үйл ажиллагаа нь хэвийн болоод ирэхээр зарим нэг гишүүдийн асуудлыг Улсын Ерөнхий прокурорт тавьж шийдвэрлүүлнэ.
Хуулиараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж, парламент 48 цагийн дотор хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Гэтэл одоо УИХ-ын гишүүний асуудал оруулахаар 48 цагийн дотор УИХ хуралдаж чадна гэдэгт эргэлзэж байна. Хэрэв хуралдаж чадахгүйд хүрвэл бас л хууль зөрчигдөж, мухардалд орж болзошгүй. Гэхдээ хэрэг шалгагдахгүй зогсчих асуудал байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж л байна.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “..Хууль хяналтын байгууллагууд нэг дохиогоор нэг цаг, минутанд нэг хүний үгээр зэрэг хөдөллөө. УИХ-ын гишүүдийн гэр бүлээр оролдсон, нэгэн зэрэг хөдөлсөн зүйл үнэхээр байна уу?
-Тийм зүйл огт байхгүй энэ бол худал ташаа мэдээлэл байсан. Энэ хэрэгт УИХ-ын гишүүд холбогдолтой байж болзошгүй гэдгээрээ нийгэмд их синсаац үүсгэж, улс төрийн болоод ард түмний хүлээлт үүсгэж байгаа хэрэг шүү дээ. Тэр утгаараа прокуророос Нийгэм болон Улс төрд үүсээд байгаа асуудлыг нэг тийш нь болгох, хэргийн үнэн зөвийг шуурхай олж тогтоох зорилгоор мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, прокурор илүү цагаар сууж ажиллаж байгаа, ер нь энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтан дор явагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр утгаараа хэргийн явц байдлын талаар прокурор мэдээлэлтэй байгаа. Гишүүн Л.Оюун-Эрдэнийг мэдээлэл хийх үед УИХ-ын гишүүний эхнэр хүүхэд битгий хэл, УИХ-ын нэг ч гишүүнийг дуудаагүй байсан.Мэдээллийг сонсоод би өөрөө хүртэл мөрдөгч болон прокуророос нь тодруулсан, тийм зүйл огт байгаагүй.
-Тэгвэл гишүүн яагаад тийм мэдээлэл хийх болов?
-Ямар шалтгаанаар тийм зүйл ярьсаныг мэдэхгүй, улс төрийн л зорилго байгаа болов уу гэж харж байгаа. Цаашдаа улс төрийн зорилготой илтэд ташаа мэдээлэлийг ийм хариуцлагатай албан тушаалтангууд олон нийтэд тараах нь зохисгүй, хууль зөрчсөн үйлдэл гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин маргаашнаас УИХ-ын зарим нэр бүхий гишүүдийг жижиг дунд үйлдвэрийн хэрэг дээр асууна. Нэр нь гараад холбоо, хамаарал нь харагдаад байгаа зүйл байна. Үүнийг тодруулах үүднээс асууж л таарна. Хэн ч бай хууль шүүхийн өмнө эрх тэгш байх учиртай. Энэ утгаараа хэнийг ч бай асууна, шалгана. Түүнээс биш Прокурорын байгууллага хэн нэгний дохиогоор хөдлөөд байгаа юм алга.
Одоо та бүхэн анзаараарай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр "..УИХ-ын гишүүдийг дуудлаа, дарамталлаа, магадгүй хэрэг тулгах гэлээ..." гэх зэргээр хуулийн байгууллагын эсрэг дайралт ирэх байх. Хууль хяналтын байгууллагыг ажлаа хий гэх юм, хийх гэхээр хийлээ гэх юм. Прокурорын байгууллага хэн нэгнээр ажлаа заалгаад байхгүй, гагцхүү хуулийн хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хийнэ.
Манай ард иргэд ч гэсэн хууль хяналтын байгууллагадаа итгэл өгөөд хүлээцтэй байх нь зөв, бид гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн хэн ч бай хууль шүүхийн өмнө толгой гудайлгана.
ЖДҮ-ийн зээлийг улс төрийн өндөр албан тушаалтан нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан авсан, бусдад хууль бусаар нөлөөлсөн, дарамт үзүүлсэн, зээлийг зориулалтын бусаар Тухайлбал: Зээлийг тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахйн нэгж, иргэнд олгосон асуудал нь гэмт хэрэг болно гэдгийг харин ойлгох хэрэгтэй.
-ЖДҮ-ийн хэрэг шуурхай шалгагдаж байгаа нь сайн хэрэг. Харин үүнээс өмнөх “60 тэрбум”-ын гэх хэрэг шалгагдаж байна уу? УИХ-ын гишүүд энэ хэргээр нээлттэй сонсгол явуулах санаачлага гаргасан.Үүнд прокурор оролцож, үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх боломж байна уу?
-"60 тэрбум"-ын гэх хэргийг прокурор шалгаад 2014 онд ..МАН-ын хэсэг бүлэг нөхөд Улсын Их хурлын болон орон нутгийн 2016 оны сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилтийг хэрхэн босгох талаар ярилцаж байсан болох нь нотлогдож, тогтоогдсон гэж үзсэн. Хамгийн гол нь тухайн яриа, төлөвлөгөө нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй, төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар хүч хэрэглэн авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх бодит нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж дүгнээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байсан.
Харин 2018 оны 7 дугаар сарын сүүлээр Тагнуулын байгууллагаас энэ асуудлын хүрээнд шалгах мэдээ, мэдээлэл байна гэсэн санал тавьсаны дагуу Нийслэлийн ерөнхий прокурор мөрдөх байгууллагын саналыг хянаад, хэргийг сэргээн шалгавал зохих асуудлууд байна гэж үзээд 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээсэн, одоо хэрэгт ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Шалгагдаж байгаа хэргийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, хэлэлцүүлэгт оролцох боломжгүй. Харин УИХ-ын зарим гишүүд “60 тэрбум”-ын хэргээр “Нээлттэй сонсгол” хийнэ үүнд хууль хяналтын байгууллага оролцох ёстой гэж яриад байгаа.
-Харин тиим
-Прокурор Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг субьект, хууль зөрчүүлэх гээд байх юм. Ер нь нэг буруу жишиг манайд тогтох гээд байгаа юм. Прокурор гэдэг маань шүүн таслах үйл ажиллагаа буюу шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогч нарын өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг гарган тавьж, Шүүгч, Өмгөөлөгч нартай мэтгэлцэх зарчмаар аливаа эрүүгийн хэрэг, маргааны шүүн таслах ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцдог субьект шүү дээ. Гэтэл өнөөдөр прокурорыг УИХ-ын байнгын хороо ч дууддаг, Төрийн ордонд Нээлттэй сонсгол гэх зүйл дээр ч хэрэг ярь гэж дууддаг асуудал бий боллоо. Тэнд прокурор хэргийн талаар ярьж, хэн нэгний гэм бурууг хэлэлцээд яриад сууж байж хэрхэвч болохгүй, ардчилсан нийгэмд хэзээ ч ийм зүйл байж болохгүй.
-Зарим хэргүүд прокурор дээр дарагдаад байгаа гэсэн шүүмжлэлийг өөрөө сонссон байх.Тухайлбал: хар тамхитай холбогдсон прокурорын хэрэг, цагдаагийнхан холбогдсон самрын наймааны хэрэг яав, Аудитын дүгнэлт аль хэдийн гарсан АСЕМ-тай холбоотой гэмт үйлдлүүд, олны анхаарлыг татсан Зам тээврийн яамныхан нэгнийгээ алсан хэргүүд яагаад шийдэгдэхгүй байна бэ?, Жастын Батхүү, өмнөх парламентын гишүүн байсан Гарамгайбаатар, Сономпил, Батбаяр нарын хэргийг сая л шүүхэд шилжүүлж байна. Мэргэжлийн хяналтын Баярсайхан гээд олны анхаарал татсан хэргүүдийг дурьдаж болж байна.
-Хууль хяналтын байгууллагын хийсэн ажлыг харлуулах, нэг бол өөрсддөө ашигтай шийдвэр гаргуулах зорилгоор захиалгаар нэвтрүүлэг хийдэг болж. Самарын хэрэг дээр маш их мөнгөний асуудал байдаг, үүний цаана гадны иргэд ч байдаг, энэ талаар өмнө би хэвлэлд мэдээлэл өгсөн, энэ хэргийг маргааш шүүхэд өгнө, Хар тамхи хэрэглэсэн прокурортой холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн холбогдогч нар 5-6 жилийн ялаар шийтгэгдсэн, Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбогдолтой хэргээс төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим сайд, дарга нартай холбогдолтой Гарамгайбаатар, Сономпил, Батбаяр нарын хэрэг шүүхэд шилжсэн, мөн сайд Баянсэлэнгэтэй холбогдолтой хэрэг шүүхээр шийдэгдсэн, хотын дарга Бат-Үүл нартай холбогдолтой хэргийг шүүхэд өгсөн, ТОСК-ын Гантулгын хэрэг, Мэргэжлийн хяналтын Баярсайханы хэрэг мөн шүүхэд шилжсэн, Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь газрын даргаа зодож алсан хэргийг өнөөдөр шүүхэд өгч байна. Энэ мэтчилэн хэргүүдийг шүүхэд шилжүүлнэ. Таны хэлсэн хэргүүдээс АСЕМ-ын хэрэг, Жастын Батхүүд холбогдох хоёр хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Удахгүй Жастын Батхүүд холбогдох хэргийг шүүхэд өгнө.
Эх сурвалж:https://newspress.mn/v1/p/news/7409
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба