Прокурорын байгууллагаас энэ онд дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдлыг Нийслэл, дүүргүүдийн хэмжээнд 2017 оны сүүлийн хагас жил, 2018 оны III улирлын байдлаар судалж, дүнг нэгтгэлээ. Дээрх хугацаанд мөрдөн шалгах байгууллагуудад Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаарх 165 гомдол, мэдээлэл бүртгэгдэн, шалгагдсаны 87 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулсан байх ба хяналт тавьсан 143 хэргийн дийлэнх буюу 75 хувьд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, 71 хувийг шийдвэрлэжээ.
“Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, хууль бусаар газрын хэвлийд халдсан, нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд ноцтой хохирол учруулсан, Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан”, “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан.. Нэн ховор, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн.. барьсан” гэх мэтчилэн гэмт хэрэг үйлдсэн 53 хүнд холбогдох 51 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Судалгааны дүнгээс үзэхэд, шүүхээр шийдвэрлэгдсэн хүмүүсийн дийлэнх нь 30-40 хүртэл насны, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй эрэгтэй хүмүүс байх ба шүүхээс эдгээр хүмүүсийн 21 хувьд хорих ял оногдуулсан, 45 хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, ял хойшлуулсан, 32 хувьд торгох ял оногдуулснаас гадна тал хувьд нь Эрүүгийн хуульд заасан галт зэвсэг эзэмших, зөвшөөрөлгүй амьтан агнах, химийн хорт бодис ашиглахыг тус тус хориглох эрх хязгаарлах, түүнчлэн гэмт хэргийн хор уршгийг нэн даруй арилгах, оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг авчээ.
Дээрх судалгааны дүнг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд, хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй байгаа зарим асуудлаар дээд шатны прокурорын газраас чиглэл авах, мөн Зөрчлийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийг тухайлан судалж, мөрөөр холбогдох арга хэмжээг авах; Байгаль, хүрээлэн буй орчинд хохирол учирсан тохиолдол бүрт гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шалгаж тогтоон, урьдчилан сэргийлэх чиглэлээр хуульд заасан арга хэмжээнүүдийг авч, учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах ажилд санаачлагатай ажиллах, гомдол, мэдээлэл, хэргийг шалгаад зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдвол эрх бүхий байгууллагад даруй шилжүүлж, шийдвэрлэлтэнд хяналт тавих, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 11.5.1-д “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэх заалтыг хэрэгжүүлэн ажиллах талаар дүүргийн прокурорын газруудад мэдээлэл хүргүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудал, мөрдөн шалгах аргачлалаар мөрдөгч, прокуроруудад сургалт явуулах талаар Сургалт, судалгааны төвд хандахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба