Нийслэлийн прокурорын газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс дүүргийн прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, дүүргийн хорихоос өөр төрлийн шийдвэр гүйцэтгэгч нарыг оролцуулсан хамтарсан зөвлөлөөнийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Хамтарсан зөвлөгөөнөөр Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран зохион байгуулсан “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдэн ялаас оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах, олж тогтоох” сэдэвт 2 сарын аяны дүн, хорихоос өөр төрлийн ялын биелэлт, хяналтын чиглэлээр анхаарах асуудлын талаар хэлэлцэв.
Зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай нар оролцож, аянд идэвхи санаачлагатай ажилласан хяналтын прокурор, шийдвэр гүйцэтгэгч нарт өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулж, цаашид хорихооос өөр төрлийн ялын биелэлтэнд анхаарах асуудал, гарсан зөрчлүүдийг арилгах талаар үүрэг чиглэл өгсөн байна.
Дээрх аяны хүрээнд шүүхээс торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж оргон зайлсан 172 ялтны 138 ялтанг олж тогтоон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 13 ялтны ялыг хорих ялаар сольж, 28 ялтны торгох ялыг төлүүлж, хугацаа болоогүй 97 ялтанг хяналтанд авсан үр дүнтэй ажил болсон байна гэж дүгнэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба