427 ДУГААР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИТАЙ АЖИЛ ХЭРГИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
427 ДУГААР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИТАЙ  АЖИЛ ХЭРГИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ,  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багануур дүүргийн Прокурорын газраас тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангитай хяналтын ажлын чиглэлээр ажил хэргийн хамтарсан уулзалт зөвлөгөөнийг өнгөрөгч 7 хоногт зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх О.Мөнхбаатар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Н.Ихбаяр, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Н.Ганбаяр, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Амардорж, дэд дарга хошууч Ц.Хишигбаатар, Цагдан хорих байрны дарга, хошууч Э.Дүүрэнцэнгэл, Шийдвэр гүйцэтгэх хэсгийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэслэгч Б.Өлзийсайхан, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Түвшинжаргал нараас гадна хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, сэтгэл зүйч, ахлах төлөөлөгч, ерөнхий жижүүр, эмч, цагдан хорих байрны ээлжийн дарга, харуул хамгаалалтын болон бусад ажилтнууд оролцлоо.

Зөвлөгөөнөөр Дүүргийн Ерөнхий прокуророос хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Н.Ихбаяр “Хяналтын ажлын чиглэлээр 2018 онд хийж гүйцэтгэсэн ажил, хяналтын ажлын чиглэлээр анхаарах асуудал” сэдвээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих анги, түүний харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн алба хаагчдаас зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах шийдвэрийг хэрэгжүүлэх ажиллагааны чиглэлээр тус тус мэдээлэл танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, 2019 онд хийж хэрэгжүүлбэл зохих ажлын талаар тус тус харилцан санал солилцсон байна. Дүүргийн Ерөнхий прокуророос хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг хааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд цаашид анхаарах зарим асуудлаар алба хаагчдад үүрэг чиглэл өгсөн байна. Багануур дүүргийн прокурорын газраас мэдээлэв.