Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газар, Сум дундын цагдаагийн хэлтэстэй 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, өмнөх хамтарсан зөвлөгөөнөөс гарсан шийдвэрлэлтийн биелэлт, үр дүнг хэлэлцэн, зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авахад анхаарах асуудал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд байгаа хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар хэлэлцлээ. Мөн хамтарсан зөвлөгөөнөөр хяналтын прокурор З.Алтансолонго Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх шийдвэрлэх тухай хууль, “Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан хаагч нарын үйлддэг эрх зүйн хэлбэрүүдийг хууль, журмын дагуу нэг мөр үйлдэх” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Зөвлөгөөнд Сум дундын ерөнхий прокурор Д.Түвшинтөгс болон тус прокурорын газрын хяналтын прокурор, туслах ажилтнууд, мөн Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Даваасүрэн болон тус Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нар, Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст сумдын хэсгийн мөрдөгч, хэсгийн цагдаа болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд оролцсон оны эцэст болж байгаатай холбогдуулан 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэлээ. Зөвлөгөөнөөс 2018 оны 12 дугаар сард эцэслэн шийдвэрлэх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийн хуваарийг баталж эцэслэн шийдвэрлэх, зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл зэргийг шалган шийдвэрлэхэд хууль, заавар, журмын заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, хамтарсан сургалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулах зэрэг шийдвэрүүдийг гарган, шийдвэрийн биелэлтийг дараагийн хамтарсан зөвлөгөөнөөр тооцож ажиллахаар боллоо. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба