СУМДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
СУМДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорнод аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны төлөвлөгөө, аймгийн прокурорын газрын 4 дүгээр улирлын төлөвлөгөөний дагуу Аймгийн ерөнхий прокуророор ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 12 дугаар 21-ний өдрүүдэд тус аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот, Сэргэлэн, Чойбалсан, Халхгол, Матад, Булган, Хөлөнбуйр, Гурванзагал сумдад очиж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар, ахлах прокурор Ц.Цэрмаа, хяналтын прокурор Т.Батжаргал, С.Алтай, Ч.Мөнхзул, Б.Догмиддорж, Л.Мөнхбаяр, туслах ажилтан Саруул-Ирээдүй, Б.Мөнхтуяа нар багтаж ажилласан. Энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг 2015-2018 онуудад орон нутгийн хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байсан бол энэ удаад Прокурорын байгууллагаас дангаараа зохион байгуулсан бөгөөд энэ жилийн хувьд прокурорын байгууллагаас сумдад ажиллахдаа байгууллагынхаа хийсэн ажлыг сурталчилж таниулахаас гадна шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаарх хуулийн заалтуудын талаар сумдын иргэдэд мэдээлэл өгч, сургалт, уулзалтанд оролцсон иргэдээс гаргасан санал, хүсэлтийг авч ажиллав. Түүнчлэн аймгийн ерөнхий прокуророос сумдын иргэд эрх бүхий албан тушаалтнуудад шинээр батлагдсан хууль тогтоомжуудын үзэл баримтлал, хуулинд шинээр тусгалаа олсон хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг, мал хулгайлах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл, танилцуулгыг хийсэн бөгөөд хяналтын прокуроруудаас сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг газар дээр нь шалгаж, зааварчлага өгөх, хөдөө орон нутагт ажиллаж буй эрх бүхий албан тушаалтнуудад зөрчил, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн ойлгож нэг мөр хэрэгжүүлэх, дээд шатны байгууллагуудаас батлан гаргасан тушаал, журам, эрх зүйн хэлбэрийн загваруудыг зөв бичиж хэрэглэх талаар тусгайлан сургалт өгч ажилласан байна.Дорнод аймгийн прокурорын газраас мэдээлэв.