Нийслэл, дүүргийн прокурорын газрууд 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурлаа хийж, ажлаа дүгнэн, хэлэлцлээ.Тайлангийн хуралд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор түүний орлогч нар, ахлах, хяналтын прокурорууд болон Дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурор, тэдгээрийн орлогч, ахлах прокурорууд оролцлоо. Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга, ахлах прокуроруудаас 2018 онд Нийслэл, дүүргийн хэмжээнд хяналт тус бүрийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүн, өргөдөл, гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн прокуроруудаас өнгөрсөн хугацаанд дүүргийн прокурорын газруудад хандаж хийсэн ажил, гарсан үр дүн, мөн Нийслэл, дүүргийн прокурорын газруудын хяналтанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд байгаа эрүүгийн хэргүүдийг шуурхай шалгуулж, прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор тус прокурорын газраас 11 дүгээр сарын 06-наас 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зохион байгуулагдсан “Прокурор-Шийдвэрлэлт-2018” нэгдсэн арга хэмжээний дүнгийн талаар тус тус мэдээлэл хийж, хуралд оролцсон прокуроруудаас цаашид хийх ажлын талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлэн, санал солилцжээ.
Мөн хурлын үеэр “Прокурор-Шийдвэрлэлт-2018” аяны хүрээнд Нийслэл, дүүргүүдийн хэмжээнд хамгийн олон хэргийг шийдвэрлэн, идэвхи, санаачлага гарган ажилласан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хамт олныг Нийслэлийн ерөнхий прокурорын Өргөмжлөлөөр, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмааг гадаад улсад аялах эрхийн бичгээр, Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд энэ онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд байгаа хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэхэд дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатарыг Нийслэлийн ерөнхий прокурорын Өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшуулан, цаашдынх нь ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Хурлын төгсгөлд Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч нараас цаашид анхаарах асуудлын талаар танилцуулан, Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай нийт прокуроруудад хандаж “..2019 онд бид шударга ёсыг тогтоож, манлайллыг бий болгож ажиллана. Тиймээс энэ онд гаргасан амжилт, алдаа оноондоо тулгуурлан дүгнэлт хийн, оны эхнээс ажлаа эрчимжүүлэн жигд авч явах, хамгийн гол нь ажлын чанар, үр нөлөөг сайжруулахад дор бүрнээ анхаарч, прокуроруудын ажлын сахилга, хариуцлагыг өндөржүүлэн ажиллах”-ыг анхааруулан, тодорхой үүрэг, даалгавар өгснөөр тайлангийн хурал амжилттай өндөрлөлөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба