Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар Булган аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор томилогдсон Мөнхцэрэнгийн Сайнзаяагийн “Прокурорын тангараг өргөх ёслол”-ын ажиллагаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн прокурорын газарт боллоо.
Уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд болон Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагын дарга нар оролцов. Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Лхагвасүрэн шинээр тангараг өргөсөн хяналтын прокурор М.Сайнзаяад хандаж албаны үүргээ үнэнч, шударгаар биелүүлж прокурорын ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж явахыг захиж, ажилд нь амжилт хүсч, баяр хүргэлээ. Булган аймгийн Прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба