Хан-Уул дүүргийн прокурор газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран тус дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр болох суурьшлын бүсэд байрлах арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Белон” ХХК, “Ерөөлт” ХХК, “Алтанхаргиа” ХХК, “Миделмен” ХХК зэрэг зарим аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн явцад орчны бохирдол үүсгэж, хаягдлын үнэр агаарт тархаж оршин суугчдын амьдрах орчин нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дүүргийн Ерөнхий прокурор, түүний орлогч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, эрх бүхий албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр газар дээр очиж танилцсан байна.
Тэдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг танилцаж, “Алтанхаргиа” ХХК, “Миделмен” ХХК-ниудад 2018 оны 9 дүгээр сард прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн бөгөөд биелэлтийг нь тооцож, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулсан байдал, үйлдвэрлэлийн хог хаягдлын тээвэрлэлт, химийн хортой бодисын саармагжуулах үйл ажиллагаа нь стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж, зөвлөн туслах ажлыг явуулжээ.
Танилцах ажлын явцад арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, “Белон” ХХК нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний баримт материал байхгүй зэрэг байдал тогтоогдсон тул прокуророос эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэх үүрэг, чиглэл өгчээ. Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба