Нийслэл, дүүргийн прокурорын газруудын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Т.Баярсайхан оролцож, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Зөрчлийн тухай хуулиар шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан этгээдийг эрх бүхий албан тушаалтнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Баривчлах төвд хэрхэн хүргэж байгаа болон баривчлах шийтгэлийн хэрэгжилтийн талаар шалгасан дүнг танилцуулж, цаашид уг шийтгэлийн биелэлтэнд прокурор хэрхэн хяналт тавьж ажиллах талаар санал солилцсон байна.
Шалгалтын дүнгээс үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “..баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд баривчлах шийтгэл оногдуулахгүй” гэж заасны дагуу баривчлах шийтгэлээс чөлөөлөх тохиолдол цөөнгүй гарч байгаатай холбогдуулан зөвлөгөөнөөс дээрх шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болж буй саад болохуйц хүнд өвчний жагсаалтыг батлан гаргах.
Зөрчил шалган шийдвэрлэх болон Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын ажлын уялдаа холбоог сайжруулж, хяналтын ажлын алдаа дутагдал гаргуулахгүй байх үүднээс Прокурорын байгууллагын цахим бүртгэлийн холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулах талаар Улсын Ерөнхий прокурорын газарт санал хүргүүлэх.
Нийслэл, дүүргийн прокурорын газруудын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудаас хуульд баривчлах шийтгэл оногдуулахгүй байхаар заасан буюу жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэл насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүний тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж, нотлох баримтыг бүрдүүлэн, шүүх хуралдаанд оролцож байх шийдвэрийг гаргаснаар зөвлөгөөн амжилттай өндөрлөжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба